Канад Улс “Токио-2020 олимп”-ын наадамд оролцохоос татгалзжээ

Канад Улс “Токио-2020 олимп”-ын наадамд оролцохоос татгалзжээ

Канадын Үндэсний олимпын хороо коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор Токиод болох зуны Олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. 

“Канадын олимпын хороо, паралимпын хороо, Засгийн газар, тамирчдын комисс, үндэсний спортын холбоод хамтран Токиод болох Олимпын болон Паралимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байх хүндхэн шийдвэрийг гаргалаа. Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг бид Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэг бус удаа гаргасан. Түүнчлэн хугацааг хойшлуулж байгаатай холбоотойгоор гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Олимпын наадмыг хойшлуулах шийдвэрийг даруй гаргах хэрэгтэй байгааг ойлгож байгаад нь бид Олон улсын олимпын хороонд талархаж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.