Мал төллөлт улсын хэмжээнд 98.4 хувьтай байна

Мал төллөлт улсын хэмжээнд 98.4 хувьтай байна

Улсын хэмжээнд хаваржилт тогтуун төлийн хорогдол бага байна. Гэхдээ цас ихтэй байгаа Архангай, Хөвсгөл, Булган, Увс, Завханд бусад аймгаас их төл хорогджээ. Тиймээс эхний ээлжинд Архангайн 7, Хөвсгөл аймгийн 3 суманд өвс тэжээлийг тусламжаар хүргэж байна. 

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, "Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймагт малын зүй бус хорогдол бусад аймгаас өндөр гарч байна. Манай яаманд хаваржилт, мал аж ахуйн цаг үеийн нөхцөл байдлын талаар шуурхай ажлын хэсэг гаран ажиллаж байна. Бид 7 хоног тутам аймаг, орон нутгаас мэдээлэл авч Сайдын зөвлөлд танилцуулан авах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна" гэв. Мал төллөлт улсын хэмжээнд 98.4 хувьтай, 2.2 сая гаруй толгой мал төллөөд байна. 

Архангай аймгийн Хайрхан, Булган аймгийн Баян-Агт суманд мал хээл хаяж байна. Архангай аймагт Цагаан сараас хойш 3 удаа их хэмжээний цас орсноос малын хэвтэр алдагдаж жилбэ муудах зэргээр хээл хаяхад нөлөөлж буйг орон нутгаас мэдээлж байна. Ялангуяа гүү, ямаа хээл хаях нь их, харин хонь харьцангуй гайгүй байгаа аж.