ТОДРУУЛГА: Үрэлийг ихэвчлэн эмч, цагдаа нарт тараагаад дууссан

ТОДРУУЛГА: Үрэлийг ихэвчлэн эмч, цагдаа нарт тараагаад дууссан

Гандантэгчинлэн хийдээс сүсэгтэн олныг коронавирусээс хамгаалах аравнайлсан үрэл хийж тараасан. Уг үрэлийг ихэвчлэн цагдаа болон эмч нарт тараажээ. Есөн төрлийн эмийн ургамлын найрлагатай, есөн бурханы тарнийг тус бүр 100 мянган удаа давтаж уншин бүтээсэн 10 кг тарнийг хийсэн билээ. Уг үрэлийг утаж болон үнэрлэж хэрэглэнэ гэх мэдээллийг тус байгууллагаас өгч байгаа юм. Уламжлалт анагаах ухаанд үнэрлэх замаар вирусээс холддог арга байдаг аж.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Одгарьдаас тодрууллаа.

-Та бүхэн үрэлээ ихэвчлэн нийгмийн аль хэсэгт тарааж дуусав. Эмч, цагдаа нарт ихэвчлэн тараасан гэсэн мэдээлэл байсан?

-Эмч, цагдаа болон хөл хорионы үеэр шуурхай байдалд ажиллаж буй бүх албан хаагчдад тараасан. Холбогдох байгууллагуудаар нь дамжуулан тараасан. Мөн авахыг хүссэн сүсэгтнүүдэд тусгай цаг зарлаж Гантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы өмнө хоёр ч удаа тараасан байгаа юм.

-Гандангийн үрэлийг авах хүсэлтэй хүмүүс та бүхэнд одоо ч хандсаар байгаа гэсэн. Энэ үрэлийг дахин хийх үү?

-Авахыг хүсч, зорьсон сүсэгтэн олондоо тараагаад дууссан болов уу гэж бодож байна. Ганц, нэг хүмүүс хандаж хоцорсон тухайгаа учирлаж л байна. Хийхгүй л болов уу.

-Нийт хэдэн үрэл тараасан бэ?

-Жинлэж  хийдэг учраас хэдэн үрэл тараасан гэдэг нь тодорхойгүй байна. Мөн Гандантэгчинлэн хийд нь хүнд цаг үе өнгөрсний дараа сүсэгтэн олондоо зориулж засал, номыг нь хийнэ гэдгээ биднээр дамжуулан уламжилсан юм.