МАН-ЫН ШИНЭ ТОМИЛГОО: Я.Содбаатар, Н.Энхбаатар, Н.Учрал, Ж.Энхбаяр нар сонгуульт албан тушаалд томилогдов

МАН-ЫН ШИНЭ ТОМИЛГОО: Я.Содбаатар, Н.Энхбаатар, Н.Учрал, Ж.Энхбаяр нар сонгуульт албан тушаалд томилогдов

Эрх баригч МАН-ын Бага хурал энэ сарын 23-ны өдөр онлайнаар хуралдсан. Үүнээс өмнө энэ сарын 19-ны өдөр Удирдах зөвлөл хуралдаж хэд, хэдэн томилгоог хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, тус хуралдаанаар намын нарийн бичгийн даргаас чөлөөлж өгөхийг хүссэн Ц.Бат-Энхийн өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэснээр Ц.Бат-Энх МАН-ын нарийн бичгийн даргаасаа чөлөөлөгдсөн ч Бага хурлын болон Удирдах зөвлөлийн гишүүнээрээ хэвээр үлдсэн юм.

Одоо түүний ажлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар хуваан авч ажиллаж байгаа аж. Я.Содбаатарын хувьд УИХ-ын 2020 сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахаар томилогджээ.

Үүнээс гадна МАН-ын Улстөрийн бодлогын газрын даргад Н.Батсүмбэрэлийн оронд Н.Энхбаатарыг томилсон. Мөн  тус намын хэвлэл мэдээлэл /PR/ хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Учрал, Нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томилохоор Удирдах зөвлөл дээрээ тохиролцжээ.

Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрүүдийг Бага хурлаар эцэслэнэ гэж байсан ч хэлэлцээгүй. Гэхдээ дээрх хүмүүс аль хэдийн ажилдаа томилогдон оржээ.