Монгол гэрийг монгол хүнээс дутахааргүй урладаг Австралийн мужаан Скот Дэриктэй ярилцлаа

Монгол гэрийг монгол хүнээс дутахааргүй урладаг Австралийн мужаан Скот Дэриктэй ярилцлаа

Нүүдэлчин монголчууд биднийг гэргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тооно, унь, тотго, хана, туурга, хаалга  гээд бүрдэл хэсэг бүр нь орчлон хорвоогийн орчил хөдөлгөөнийг бэлгэдэх Монгол хүний ур ухаанаар бүтсэн эдийн соёлын нэгэн төлөөлөл бол Монгол гэр. Бидний ахуйн үнэт өв Монгол гэрийг монгол хүнээс дутахааргүй урладаг Австралийн мужааныг бид энэ удаад танилцуулж байна. Түүнийг Скот Дэрик гэдэг бөгөөд Австрали улсын Queensland мужийн Gold Coast хотод амьдардаг. Тэрээр 2015 оноос эхнэр Рейчил Дэрикийн хамтаар Монгол гэр хийх болжээ. Бид түүнтэй холбогдон Монгол гэрийг урлах болсон шалтгаан хийгээд түүний талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

-ДЭЛХИЙ ДЭЭРХ МИНИЙ ХАМГИЙН ДУРТАЙ ГАЗАР БОЛ МОНГОЛ УЛС-

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Скот Дэрик гэдэг. Би Монгол гэр хийдэг, хийх дуртай бас маш их сонирхдог.

-Хэзээнээс Монгол гэрийг бүтээх болов. Яагаад Монгол гэр урлах болсон бэ?

-Би урьд нь уугуул Америкчуудын уламжлалт урц буюу “Tipi” хийдэг байсан юм. Бараг хорин жилийн турш хийсэн байх. Харин Монгол гэрийг 2015 оноос хойш хийх болсон. Яагаад гэвэл би нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг, уламжлал, соёлыг маш их сонирхдог. Бүр дурласан гэж хэлж болно. Дэлхий дээрх миний хамгийн дуртай газар бол Монгол улс.

-Анх яаж хийж сурч байв?

-2015 онд анх би гэр /yurts/ хэрхэн урлах талаар бичсэн номыг онлайнаар худалдан авч байлаа. Тэгээд л хийх хүсэл эрмэлзэл төрж эхэлсэн юм. Анх улбар шар өнгөтэй жижиг гэр хийж байсан. Мэдээж анхных, бас номоос харж, интернетээр судалж хийсэн болохоор учир дутагдалтай зүйл их байсан.

-Анхны гэр хийхээсээ өмнө бодитоор харж байв уу. Ер нь Монголд ирж байсан уу?

-Анх гэр хийхдээ бодитоор харж байгаагүй. Тэр үед Монголд очиж үзээгүй байсан юм. Тийм болохоор л учир дутагдал их байсан. Тэгээд 2017 онд анх удаа Монголд очсон.Улаанбаатарын Нарантуул захаар явж жинхэнэ Монголчуудын урласан гэрийг харж, хийцийг нь судалсан. Намайг үнэхээр бишрүүлсэн шүү.

-НҮҮДЛИЙН СОЁЛООР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН ТҮҮХИЙГ
МЭДЭХ УРТ ЗАМ НАДАД БАЙНА-

-Анх удаа Монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Төсөөлж байснаас маш ихээр гайхшруулсан. Монголын тал нутаг, говь, нүүдэлчин соёлыг бодитоор харах үнэхээр гайхалтай байсан. Бас хүмүүс нь маш эелдэг, уриалгахан хүлээж авсан. Хаана ч очсон сайхан сэтгэлт хүмүүс байгаа нь мэдрэгдэж байсан.

-Танд Монголын юу нь хамгийн их таалагдаж, сэтгэлд тань үлдсэн бэ?

-Монголчуудын уламжлалт нүүдэлчин соёл. Алдарт Чингис хааны үед байсан тэр хэдэн зуун жилийн түүхтэй нүүдэлчин соёл одоог хүртэл хадгалагдан үлдсэн нь гайхалтай санагдаж байлаа.

-Монгол гэр Монголчуудын түүхтэй салшгүй холбоотой. Та сая Чингис хаан гэж хэллээ шүү дээ. Монголын түүхийн талаар хэр мэдэх вэ?

-Үнэндээ би тийм ч ихийг мэдэхгүй ээ. Гэхдээ Чингис хааныг дэлхий даяар мэддэг шүү дээ. Монголын түүх гайхалтай гэдгийг бол сайн мэддэг. Тиймээс цаашдаа нүүдлийн соёлоор дамжуулан Монголын түүхийг мэдэх урт зам надад байна.

“Хүний хүн” бидний соёлд дурлан, сэтгэл, ухаанаа шингээн урлаж байгаа нь гайхалтай. Түүний хийсэн гэрийг бодитоор үзэж хараагүй ч, зургуудаас нь үзэхэд Монгол хүнээс дутахааргүй, мөн хэд хэдэн шинэлэг зүйлийг нэмж урласан нь харагдаж байлаа. Тухайлбал гэрийн тоононы яндангийн нүхийг галд тэсвэртэй резинээр бөглөж, тооно, бүрээс хоёрын завсраар борооны ус дагаж урсахгүй байхаар хийжээ. Мөн тэрээр гэрийн бүслүүрийг “ном журмаар” нь хийхийн тулд дээс томож сурсан гэнэ. Өнгөлөг хээ хуараар тооно, унийг чимж, гэрийн хананд том цонх гарган, уламжлалт соёлыг хадгалахын зэрэгцээ орчин үеийн хэв шинжийг шигтгэсэн нь Монгол гэрийн ахисан түвшинд гаргасан мэт. Монгол гэр бол Монголчуудын оюун ухаанаар бүтсэн, бидний зан заншил, түүх, шашин шүтлэг, ахуй амьдрал аж төрөх ёсыг хадгалсан соёлын илэрхийлэл билээ. Тэр гайхамшигт соёлыг бишрэн, дурлаж тэртээх Австрали улсад монгол гэрийг сүндэрлүүлж буй Дэрик Скоттой ийн ярилцлаа.