Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой ажлын байр 6000 орчмоор буурчээ

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой ажлын байр 6000 орчмоор буурчээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр/2020.03.30/ өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралдаанд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлаа.

Цахим хуралдааны үеэр өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдалд зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Орон даяар тогтоосон онц байдлын улмаас бизнес, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бизнес эрхлэгч, эдийн засагчид судалгаандаа дурджээ.

Тухайлбал, коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөлсөн байна. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийн улмаас одоогоор ажлын байр  6000 орчмоор буураад байна.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны дийлэнх нь 40 гаруй хувиар орлого нь буурч, 20 орчим хувь нь үйл ажиллагаа нь доголдож, зогсонги байдалд оржээ. Бизнес эрхлэгчдийн 14 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орж, бараа үйлчилгээний эргэлт 60 орчим хувиар буураад байна. Орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм  хоёрдугаар улиралд үргэлжилсэн тохиолдолд ААН-үүдийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулах судалгаа гарчээ.

Өөрөөр хэлбэл, хүндрэл хоёрдугаар улиралд үргэлжилснээр 8000 орчим ажлын байр үгүй болох эрсдэл хүлээж байна. Тиймээс ч цаашид УИХ болон Засгийн газар ажлын байр хадгалах, хамгаалах, нийгэм, эдийн засагт үүсээд буй бодит эрсдлийг даван туулах оновчтой бодлого боловсруулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлхийн бусад улс орнууд эдийн засгийг эрчимжүүлэх багц хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалж, хамгаалах чиглэлд тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс ч Монгол Улсын бизнес эрхлэгч, эдийн засагчид цаашид ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсээд буйг онцоллоо.