THE WALL STREET JOURNAL: Ким Жон Уны ах Америкийн тагнуулын мэдээлэгч байжээ

THE WALL STREET JOURNAL: Ким Жон Уны ах Америкийн тагнуулын мэдээлэгч байжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ах, 2017 онд Куала-Лумпурын нисэх буудал дээр халдлагад өртөн, амь насаа алдсан Ким Жон Нам Тагнуулын төв газрын мэдээлэгч байсан гэж The Wall Street Journal мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Ким Жон Нам амиа алдахаас өмнө Америкийн тагнуулуудтай хэдэнтээ уулзсан байна. “АНУ-ын Тагнуулын агентлаг болон ноён Ким нар холбоотой байсан” гэж эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн, Ким Жон Нам хэдэн жил Макаод амьдарсан ч Тагнуулын төв газрын төлөөлөгчидтэй уулзахын тулд Лангкави арал руу явсан гэдгийг онцолсон байна. Тухайн үед тэрбээр зөвхөн Америкийн төдийгүй бусад улс орны, тэр дундаа Хятадын тагнуулын албаныхантай уулзсан байж болзошгүй гэнэ.

Энд дуулгахад, Ким Жон Нам 1971 онд төрсөн, Ким Чен Ирийн том хүү юм. 1998-2001 оны хооронд БНАСАУ-ын эрх мэдлийг залгамжлах хүн гэж тооцогдож, намын өндөр албан тушаал хашиж байлаа. Харин 2001 онд Пан Сюн гэх хятад хуурамч нэрээр Япон руу нэвтрэх оролдлого хийснийхээ төлөө хэд хоног саатуулагдан, улмаар түүнийг Хятад руу шилжүүлж байв. Энэ нь Хойд Солонгосын дургүйцлийг төрүүлсэн бөгөөд хүүгийнх нь хуурамч паспорт, Хятад руу шилжүүлсэнтэй холбоотой дуулианы улмаас Ким Чен Ир БНХАУ-д хийх айлчлалаа цуцалж байлаа. Тэр үеэс хойш Ким Жон Намын эцэгтэйгээ харилцах харилцаа муудаж, удалгүй хилийн чанадад амьдрах болжээ. Улмаар, Ким Жон Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпурын нисэх буудал дээр халдлагад өртөж, амиа алдсан юм.

Энэ хэрэгт Вьетнамын иргэн 28 настай Доан Ти Хуонг болон Индонезийн иргэн 25 настай Сити Айсиа гэх хоёр эмэгтэй сэжиглэгдсэн. Тэд VX гэх мэдрэл саармагжуулах бодисоор Ким Жон Намыг хордуулсан бөгөөд баривчлагдсныхаа дараа мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар огт мэдээгүй, “телевизийн шоунд оролцож байна гэж бодсон” хэмээн мэдүүлж байв. Олон улсын зүгээс энэ хэргийг Хойд Солонгосын тусгай албаныхан гүйцэтгэсэн гэж үздэг юм.