АЛТАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГА П.БАТСАЙХАН: Би иргэнийг зодоогүй харин ч эсрэгээрээ зодуулсан

АЛТАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГА П.БАТСАЙХАН: Би иргэнийг зодоогүй харин ч эсрэгээрээ зодуулсан

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхан нь нэгэн иргэнтэй маргалдан улмаар гар зөрүүлж буй бичлэг буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Бид уг хэргийн талаар тодруулахаар Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхантай холбогдлоо.

Бичлэгт гарсан үйл явдлыг Засаг дарга П.Батсайханы гомдлын дагуу сумын цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

-ЭНЭ ХҮМҮҮСТ БИ ГУРВАН УДАА ЗОДУУЛСАН-

-Сайн байна уу. Таны энгийн иргэний биед халдаж, зодсон бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байна. Энэ өдөр чухам ямар үйл явдал болсон юм бэ?

-Манай сумын иргэн Б, О гэж эхнэр, нөхөр юм. Энэ хүмүүс намайг элдвээр гүтгэж, доромжилж, зодож цохидог. Би энэ хүнд гурван удаа зодуулсан. Хамгийн эхэнд албан өрөөндөө зодуулсан. Дараа нь Аймгийн Засаг даргын тамгын газрын байранд онцгой комиссын хуралдаанд сууж байгаад гэмтэл автлаа зодуулсан. Тухайн үед би зүгээр зогсож байгаад л зодуулсан. Аймгийн Засаг даргын тамгын газарт зодсон хэрэг нь прокурорт хянагдаж байна. Ингээд толгойны гэмтлээ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтэж байна.

Эмнэлэгт хэвтэж байх үед ажлаас дуудаад “Б, О хоёр хүрч ирчихээд түйвээгээд болдоггүй. Та ирээд уулзаж, шийдвэрлээд өгөөч” гэсэн. Тэгээд би эмнэлгээсээ гараад очсон. Очтол утсаа гаргаж ирж бичлэг хийгээд хажуугаар нь цохиод байхаар нь “Та нарт дандаа зодуулахгүй” гэж хэлээд түлхээд унагачихсан юм. Гэтэл нөхөр нь эхнэртээ “Хэвтэж бай. Би бичлэг хийгээдэхий” гэж хэлээд бичээд байгаа юм. Дараа нь босч ирээд гар ариутгагчаар намайг цохиж, зодоод өчнөөн л юм боллоо. Манай тамгын газар нүүгээд одоохондоо соёлын төвдөө байрлаж байна. Тэнд байсан ажилчид маань харсан. Бичлэг нь ч бий. Шүүхээрээ шийдэгдэнэ биз дээ.

Онцгой байдал тогтоосон үе таарсан учраас манай сумын алба хаагчид сая хил хаатал шөнө,өдөргүй ажилласан. Ингээд хил хаасан учраас би эмнэлэгт хэвтээд эндээсээ ажлаа хийж байгаа юм. Манай аймгийн удирдлагууд ч зөвшөөрсөн. 

-Иргэн Б, О нар танай нутгийн хүмүүс үү. Хувийн өс хонзонтой юм уу яагаад таньтай ингэж маргаад байдаг юм бол?

-Би дулааны инженер мэргэжилтэй. Засаг даргаар томилогдохоосоо өмнө буюу 2004 оноос эхлэн Уурын зуух ажиллуулдаг байсан. Ингээд 2008 онд шинэ хууль гарсан. Тэр хуулийн дагуу заавал аж, ахуй нэгж болж тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах шаардлага тавигдсан. Тусгай зөвшөөрөл авахын тулд компани байгуулах ёстой, мэргэжлийн багтай байх хэрэгтэй гэх мэт шаардлага тавигдсан. Энэ дагуу компани байгуулж ажиллаж байгаад дуудлага худалдаагаар Уурын зуухныхаа барилгыг авсан юм. Миний компани энэ зуухыг ажиллуулж ирсэн. Харин би Засаг дарга болонгуутаа хуулийн дагуу өөр хүнд шилжүүлж өгөөд үйл ажиллагааг нь зогсоосон.

Тодруулбал, Сэлэнгэ энергио гээд аймгийнхаа цахилгаан станцид шилжүүлсэн. Миний компани сумыг халааж болохгүй шүү дээ. Эрх ашгийн зөрчил үүснэ. Тийм учраас шилжүүлсэн. Тэр хүмүүс намайг уурын зуухыг хулгайлсан гэж гүтгэдэг. Зургаан тэрбум төгрөг ч “идсэн” гэж ярьж байсан. Гэтэл хуулийн байгууллага шалгаад хариуг нь хэлсэн. Миний хувьд ч нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Шүүхийн хариу гарсан.  Надтай зууралдах гэсэн шалтаг л байх. Өөрсдөө дэлгүүр ажиллуулдаг мөртлөө татвар төлдөггүй, гэрээ хийдэггүй хүмүүс. Намайг дарамталж мөнгө, төгрөг салгах санаатай байдаг хүмүүс.

Энэ хүмүүсийг манай аймгийн Засаг дарга, цагдаа, прокурор, шүүх бүгд мэднэ. Аргаа бараад байна өө.