ФОТО: Чингисийн чулууны бичгийн хуулбар эх орондоо ирлээ

ФОТО: Чингисийн чулууны бичгийн хуулбар эх орондоо ирлээ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд 2020 оны хоёрдугаар сард музейн үзэл баримтлалыг нь баталсан билээ.

“Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Музей нь сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр нь 13-р зуунд хамаарах “Чингисийн чулууны бичиг” хөшөөний дурсгалын хуулбарыг Санктпетробург хотын Эрмитаж музейгээс авахаар тохиролцсон. Олон улсын тээвэр зууч “Туушин” компани энэхүү хөшөөний дурсгалын хуулбар бичээсийг ОХУ-иас Улаанбаатар хот хүртэл богино хугацаанд нь тээвэрлэн авчирч, хүлээлгэн өглөө.

Чингис хааны музейн шавь тавих ​ёслол дээр энэхүү эртний дурсгалт хөшөөний хуулбарыг музейн суурь дээр байршуулж үзүүлэв. Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол Улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн түүхтэй. Хуралдайн үед Есүгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ.

“Чингис хаан” музейн барилгын бүтээн байгуулалтыг ​20500 кв.м талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан “Чингис хаан” музейг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар өнөөдрөөс ажлыг нь эхлүүллээ.