ТОДРУУЛГА: Сингапур дахь Монголын элчин сайдын яамны ажилтан коронавирусийн халдвар аваагүй

ТОДРУУЛГА: Сингапур дахь Монголын элчин сайдын яамны ажилтан коронавирусийн халдвар аваагүй

Өчигдөр /2020.04.01/ Бүгд Найрамдах Сингапур улс дахь Монголын Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан билээ. Харин иргэдийн дунд Элчин сайдын яамны ажилтан халдвар авсан эсэх талаар эргэлзээ үүссэн юм.  Бид энэ талаар Сингапур дахь Монголын Элчин сайдын яамнаас тодрууллаа.

-Сайн байна уу? Сингапур улс дахь Элчин сайдын яамны байранд коронавирусийн халдвар гарсан гэж дууллаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Сайн. Сайн байна уу. Сингапур дахь элчин сайдын яамны байрладаг байгууламжид ажилладаг өөр байгууллагын ажилтан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Манай ажилтан халдвар аваагүй.

-Барилгыг ариутгаж, халдваргүйжүүлсэн гэсэн үү?

-Тийм ээ. Халдвар гарсан байгууламжид шуурхай халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн. Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж, иргэдийг халдвар авахаас урьдчилан сэргийлэх үүднээс цахимаар төрийн үйлчилгээг үзүүлж байна. Тиймээс  Сингапур улсад оршин суугаа монголчууд итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ [email protected] хаягт илгээх боломжтой. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан иргэд авч байна.

-Барилгад ажиллаж байсан хүмүүсээс шинжилгээ авсан уу?

-Тухайн барилгад олон аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг, бусад хүмүүсээс шинжилгээ авахгүй. Зөвхөн журмын дагуу шалгаж оруулж гаргаж байгаа юм.

Барилгыг ариутган, халдваргүйжүүлсний дараа Элчин сайдын яамны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна. Сингапур улсад одоогийн байдлаар халдварын мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Нийт өвчлөгчдийн 577 нь эрэгтэй, 423 эмэгтэйчүүд байгаа бол 475 нь дотооддоо халдвар авч, 525 тохиолдол гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн байдалтай байна.