Б.Ууганбаяр: Сэжигтэй хоёр тохиолдлыг онгоцны арын хаалгаар буулгаж байна

Б.Ууганбаяр: Сэжигтэй хоёр тохиолдлыг онгоцны арын хаалгаар буулгаж байна

Улсын онцгой комисоос мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид иргэдээ Япон улсад байхад нь оношлох хүсэлт тавьсан ч Японы тал хүлээн зөвшөөрөөгүй. Япон улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан бичигт "Японы нутаг дэвсгэрт оношилгоо үзүүлэх үйлчилгээ үзүүлэх боломжгүйг мэдэгдье" гэсэн. Япон улс дахь Монголын Элчин сайдын яаманд иргэддээ оношилгоо хийлгэх боломжтой юу гэсэн хүсэлт тавьсан, бас хүлээн зөвшөөрөөгүй.

Өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 266 зорчигчийн 56 нь дамжин ирлээ. АНУ-д суралцаж байсан оюутнууд, мөн Европын орноос иргэд дамжин ирсэн. Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа. Яаралтай шинжилгээнд оруулна. Бүх иргэдээ оношилгоонд оруулна. Хэд, хэдэн оношилгоонд оруулж байж, 21 хоногийн тусгаарлалтаас гаргах эсэхийг шийднэ.  Бүх зүйл хяналтад байна.

УОК-ын гишүүн, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсад байгаа 6154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Элчин сайдын яамдуудад хүргүүлээд байгаа. Үүнээс бага насны хүүхэд 754, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, богино хугацааны визтэй 135, байрны асуудалтай 351, 585 оюутан, санхүүгийн хүндрэлд орж байгаа 54, бусад шалтгаантай нь 3000 гаруй иргэн байна.

Токиогийн онгоцоор ирж байгаа иргэд коронавирусийн шинжилгээ өгөх боломжгүй байсан тул шинжилгээ өгөөгүй ирсэн. Учир нь Японд 37.5 хэм хүртэл халуураагүй иргэдээс шинжилгээ авахгүй гэсэн" гэв. 

УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Одоо асуудлыг баримттай ярина. Баянхангай гэдэг амралтад буусан хүмүүс байна. 13 хүн төлбөрөө хийхгүй, улс хариуцна гээд сууж байгаа. Тэдний нэрсийг гаргасан. Яг одоо энэ мөчид онгоцны арын хаалгаар сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг буулгаж байна. ХӨСҮТ-ийнхэн ирээд аваад явна." гэлээ.