ФОТО: 3.2 тэрбумын УСАН ОРГИЛУУР “Арслантай гүүр”-ний “УСАН ХӨШИГ”-ний түүхийг давтах уу

ФОТО: 3.2 тэрбумын УСАН ОРГИЛУУР “Арслантай гүүр”-ний “УСАН ХӨШИГ”-ний түүхийг давтах уу

-НИЙСЛЭЛ ДЭХЬ 140 ГАРУЙ УСАН ОРГИЛУУР ХОГИЙН ЦЭГ БОЛОН ХУВИРЧЭЭ-

Нийслэл 140 гаруй усан оргилууртай ч тогтмол ажилладаг нь гарын арван хуруунд багтахаар цөөн. Тодруулбал, Пильта, төмөр, модон сандлыг нь тонож хогийн цэг болсон усан оргилуур олон. Тэдгээрийн бодит жишээ бол “Арслантай гүүрний усан хөшиг” юм.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны долдугаар сард ашиглалтад орсон “Усан хөшиг” гэх сүржин нэртэй байгууламжийг дарга нар тууз хайчлан нээж байв. Нээлтээ хийснээс хойш долоо ч хонолгүй хоолой нь салж, эвдэрснээр иргэдийг бухимдуулаад авсан. Уг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор энэхүү ажлыг захиалан хийлгэсэн байдаг. Ажлын гүйцэтгэгчээр “Хан-Урсгал” компани ажилласан бөгөөд гурван жилийн баталгаа гаргасан бол цаашдын арчлалт, тохижилтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцан ажиллахаар болж хүлээн авсан билээ.

Байгууламжийн ажилд нийт 70,1 сая төгрөг зарцуулагдсанаас зураг төсөл судалгааны ажил /4 сая/, цахилгааны ажил /5.5 сая/, гэрэлтүүлгийн ажил /6.0 сая/, газар шороо, тохижилт сэргээн засварлах ажил /13,6 сая/, усан хөшигний байгууламжийн ажил /22,1 сая/, нэмэгдэл зардал ашиг /коэффициентийн дагуу /10,8 сая/, захиалагчийн хяналт, магадлашгүй ажлын зардал /2,3 сая/, НӨАТ /5,8 сая/ зэргээр зарцуулжээ.

Сөүлийн Вапро голын гүүрэнд байрлах усан хөшгийг дуурайлган хийхээр 70 сая төгрөг гарлагадсан ажлын өнөөдрийн нөхцөл байдлын бодит дүр зураг ямар байгааг та бүхэн зураг дээрээс харж байна.

Энэхүү “усан хөшиг” нь хөрсний усыг тусгайлан бэлдсэн цоргоор буцаж гол руу гоожуулах үндсэн системтэйгээр ажиллана. Мөн эргэн тойронд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж ярьж, амлацгааж байв. Өнөөдөр бодит байдал тэс өөр байна. Бичил цэцэрлэгт хүрээлэн байтугай урт хөндлөн ганц турбанаас өнөөх “усан хөшиг” нь ч цацарсангүй. Ширгэх шахсан Сэлбэ голын ус бороор урсаж, хогондоо дарагдсан эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгаа юм.

Бүр сүүлдээ тоосжилтыг бууруулдаг, шөнийн цагаар гэрэлтдэг, олон улсын жишигт нийцсэн “тасарсан” усан хөшиг нь “шээдэг гүүр” хочтой болсон билээ.

3.2 тэрбум төгрөгөөр “Хонхтой цэцэрлэгт” хүрээлэнд усан оргилуур, нийтийн жорлон барьж байхаар Сэлбэ голоо амарч, зугаалах цэг болгон хөгжүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах хэрэгтэй гэх шүүмжлэлийг хэлэх иргэд ч байгаа юм.

Өнөөдөр иргэдийн хэл, амны бай болоод буй “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижилт тодруулбал НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ЗАЙЛУУЛЖ, УСАН ОРГИЛУУР БАРИХ АЖИЛ “Усан хөшиг” шиг бүтэлгүйтэх вий гэх болгоомжлол байгааг анхаарч үзэхэд буруудахгүй. Учир нь манайд усан оргилуур барьсан муу түүх олон бий. Ямартай ч энэ ажлыг хийх болно гэдгийг Хотын дарга С.Амарсайхан мэдэгдсэн.

Татвар төлөгчдийн 3.2 тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Энэ их хэмжээний мөнгөөр усан оргилуур барихдаа тендер зарлаагүй, нийслэл өөрөө хариуцан гүйцэтгэнэ. Тэгэхээр төрийн мөнгөөр тааруухан туршилт хийх үү гэдгийг харах л үлдлээ.

Тогтмол ажилладаг усан оргилуур, усны толио нийслэлд зайлшгүй шаардлагатай. Учир нь усны йонжилт орчны агаарыг чийгшүүлж, тоосжилт багасгадаг. Усан байгууламжтай хэсгийн агаар бусад газрынхаас харьцангуй чийгшил сайтай байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Өвөлжин утаатай агаараар амьсгалдаг нийслэлчүүдэд агаар салхинд суух, үр хүүхдээ тоглуулахад зориулагдсан “хулхи” биш чанартай, жинхэнэ оргилуур хэрэгтэй гэдгийг хэлье.