ЭМЯ: Тусгаарлалтад байсан нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ: Тусгаарлалтад байсан нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар ээлжит хурлаа хийж байна. Өнөөдөр /2020.04.06/ ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Түркийн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын 15 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан Туркийн иргэн нь өмнө нь коронавирус илэрсэн хоёр хүнтэй шууд хавьталд орсон хүн юм байна.

Манай улсад дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар нэмж сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-уул аймагт тусгаарлагдсан гурван иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү "Одоогоор манай улсад 2075 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Мөн ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн байна. Өнөөдөр Токио-УБ-ын чиглэлийн онгоцоор ирсэн, ажиглаглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна".

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл халдварын дэлхийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 211 оронд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн үед Азийн орнуудаас Япон улсад вирус тархах магадлал өндөр болоод байна. Сүүлийн 24 цагт 360 тохиолдол нэмэгдсэн”  гэв.

ХАЛДВАР АВСАН ХЭРНЭЭ ӨВЧЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛ ХЭР ИХ БАЙГ
ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өнгөрсөн ням гарагт Франц, Испани, Италид нас баралтын тоо буурсан байна. Тухайлбал, Францад 357, Италид 525, Испанид 677 нас баралт бүртгэгдсэн  нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага үзүүлэлт болжээ. Итали улсын хувьд тухайн улсын иргэнийг хамгаалах газраас мэдээлэлснээр 525 нас баралт бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 19-ны өдрөөс хойш хамгийн бага тохиолдол болж байна. Мөн эрчимт эмчилгээнд орох хүмүүсийн тоо бага зэрэг буурч байна гэж мэдээлжээ. ОХУ-ын хувьд шинэ халдварын тоо  өнгөрсөн хоногт 658-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 58389 болсон байна. Өвчтөнүүдийн талаас илүү хувийг 45-аас доош насныхан эзэлж байна. Мөн ОХУ-ын Буриад, Эрхүү мужуудад халдварын шинэ тохиолдлууд бүртгэгджээ.

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн газраас Америкчуудын дунд вирусний эсрэг биетийг илрүүлэх шинжилгээ хийж эхлэх талаар шийдвэр гаргасан байна.

Халдвар авсан хүний биед эсрэг биет үүссэн байх магадлалтай учир тул уг шинжилгээг хийлгэснээр халдвар авсан хэрнээ өвчлөөгүй тохиолдол хэр их байг тогтоох, улсын хэмжээнд хэр тархалттай байгааг мэдэх боломжтой болохыг хэлжээ. Мөн амны хаалт гэртээ хэрхэн хийх зөвлөмжийг гаргаж иргэддээ хүргүүлээд байгаа юм" гэлээ.

М.Тэргэл