"Говь" хувьцаат компани 250 ажилтнаа цомхотгожээ

"Говь" хувьцаат компани 250 ажилтнаа цомхотгожээ

 “Говь” ХК борлуулалт муудсаны улмаас нийт ажилчдынхаа 50 хувийг цомхотгосон гэх мэдээлэл гараад байсан билээ. Энэ талаар тус компани "250 хүнийг цомхотгосон" гэсэн мэдээллийг өгчээ.

“Говь” ХК нь 2019 оны эцсээр 2612 ажилтантай байсан тухайгаа 2019 оны гүйцэтгэлийн тайландаа дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ коронавирусийн улмаас тус компани нийт ажилчдынхаа 9.5 хувийг ийнхүү цомхотгоод байна.

Компаниас өгч буй мэдээллээр “2020 оны эхний улиралд Монгол Улсад айлчлах байсан жуулчдын урсгал 100% тасарсан, нөгөө талаар энэ жилийн сар шинийг тэмдэглээгүй болон хөл хориотой холбоотойгоор “Говь” брэндийн дэлгүүрийн борлуулалт их хэмжээгээр зогслоо. Мөн гадаад захиалагч нар ч нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний захиалгуудаа цуцаллаа.

Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэх бараа материалын тоо ширхэг, хэмжээ буурч, хэвийн үеийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны горимд өөрчлөлт орлоо. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарахад ийнхүү хүндрэл учирсан тул 250 ажилтныг цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрлээ. "Говь" ХК-ийн хувьд ажилтныг цомхотгох үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хийж байгаа бөгөөд нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг ажлаас цомхотгосон хүн бүрт олгож байгаа болно. Цаашид дэлхий нийтийг хамарсан C шинэ коронавирусийг хүн төрөлхтөн ялан дийлж, бүх ажиллагаа хэвийн болж, бид ч үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөж, ажилтнуудаа эргэн авахыг хүсэж байна” гэв.