С.Амарсайхан: Т.Ганболд таны саналыг  Нийслэлийн удирдлагууд бид хүлээн авч байна

С.Амарсайхан: Т.Ганболд таны саналыг Нийслэлийн удирдлагууд бид хүлээн авч байна

Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн болгох ажил олон нийтийн дунд нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Харин “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд талбайн урд талыг тохижуулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийх саналаа тавьсан.

Тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан “Бид өнөөдөр талбайн өмнөх садны тохижилтыг 3.2 тэрбумаар хийж яасан ч болохгүй. Энэ мөнгөөр яаралтай эмнэлэг барих хэрэгтэй. С.Амарсайхан та Улаанбаатар хотын иргэдийн үгийг сонсооч. Би даагаад тэр саадны жорлонгийн шугам, шинэчлэл, тохижилт, цэвэрлэгээг иргэдтэй нийлээд хийгээд өгье” гэж бичсэн юм.

Тэгвэл түүний саналыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хүлээж авснаа өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ. Тэрээр “Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэйгөөр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан “Алтан дорнод Монгол” компанийн захирал, их хотын иргэн Т.Ганболд танд баярлалаа. Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилъя” гэжээ.