МАН-ынхан Засгийн газрыг огцруулах асуудлаар сандралдаж, ҮХЦ-д хандах гаргалгааг хайж байна

МАН-ынхан Засгийн газрыг огцруулах асуудлаар сандралдаж, ҮХЦ-д хандах гаргалгааг хайж байна

Ирэх сарын 25-н бол чухал өдөр. Энэ өдрөөс эхлэн бид 19 жилийн дараа өөрчлөлт оруулсан Үндсэн хуулиа дагаж мөрдөнө. Эрх баригч МАН өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч Х.Баттулга арваннэгдүгээр сарын 26-ны өдөр соёрхон баталсан байна. Ингээд тэд эцэг хуулийн өөрчлөлтийг ирэх тавдугаар сарын 25-ны өдрийн морь цагаас эхлэн дагаж мөрдөхөөр зүйлчилжээ.

Гэтэл МАН-ын ихэд бэлэгшээн сонгосон энэ өдөр нь өөрсдийг нь цаг хугацааны хайчид оруулах, Засгийн газаргүй болгох нөхцөл байдалд хүргэсэн нь өнөөдрийн толгойных нь  өвчин болжээ. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан Засгийн газартай холбоотой дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг ирэх сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байгаа юм.

ҮҮНД: Монгол Улсын Үндсэн Хуулийн

  • 1. 39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэЕрөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
  • 3. 39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ заалтаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын “давхар дээл”-тэй сайд нарын зөвхөн дөрөв нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх боломжтой болж байна.

-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛААС ХОЁР АРГААР БУЛТАНА-

Цагаан дээр хараар бичсэн нь ердөө энэ. У.Хүрэлсүх, Д.Лүндээжанцан, С.Бямбацогт хэдэнтээ тайлбар хийгээд нэмэргүй. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол энэ Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно. Нэг үгээр хэлбэл энэ Засгийн газрын шийдвэр, тогтоол Үндсэн хуулийн биш болох учир Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр Үндсэн хуульд захирагдаж У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах, цаашлаад  Засгийн газар огцрох нөхцөл үүсээд байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр үүнийг огт анзаараагүй баталсан МАН-ынхан Засгийн газар эрсдэлд орсныг маш сайн мэдэж буй бөгөөд асуудлаас гарах аргуудыг хайж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын даваа гаригийн хуралдаанаар энэ асуудлыг ярьжээ. Мөн Удирдах зөвлөлийнхөө түвшинд асуудлаас хуулийн дагуу юм шигээр олон нийтийн анхаарлыг таталгүй холуур хэрхэн гарахаа Удирдах зөвлөлийнхөө хүрээнд ярилцсаар байгаа аж.  

МАН Үндсэн хуулийн энэхүү заалтаас бултахын тулд хоёр арга боловсруулсан байна.

НЭГДҮГЭЭРТ, Үндсэн хуулийн цэцэд хандаж, маргаан үүсгэх тухай ярилцсан байна. Энэ нь цаг хугацаа хожих боломжийг эрх баригчдад олгож байна. Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн тохиолдолд МАН асуудалгүй сонгуулиа хийчихнэ. Учир нь Цэц энэ асуудлыг дуртай үедээ хэлэлцэж болно.

ХОЁРДУГААРТ, Дагалдах хуулиудад өөрчлөлт оруулж байж асуудлаас гаръя гэдэг саналыг мөн хэлэлцсэн байна. Дагавар хуулийн хүрээнд Засгийн газар огцрох, шинээр бүрдүүлэх эсэх тухай асуудлыг  шийдвэрлэх ёстой. Энэ хуулийг УИХ яаралтай батлах ёстой. УИХ ямар хууль гаргана, тэр хуулийг Монгол Улсын Засгийн газар дагаж мөрдөх ёстой гэж ярилцахаар зохицуулж болно гэж ярилцсан байна.

Ямартай ч ирэх сарын 25-ны өдрөөс өмнө Засгийн газар, УИХ, Дэгийн тухай хуулийг батална гэж тохирчээ.  Гэхдээ хууль шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын бүрэн эрхээс эхэлж хэрэгжээд эхлэхээр зохицуулалт хийхээр болсон байна. Хэрвээ энэ асуудлыг яаравчлахгүй бол У.Хүрэлсүхийн дотоод дахь дайснууд гадныхантай хавсраад явуулчих тохироо хийгдэж буйг тэд мэдэж байгаа. Харин мэргэжлийн хуульчдийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Үндсэн хуулийг дагаж мөрдөхийг сануулж, шаардана гэдгээ илэрхийлж байна.