СУРВАЛЖИЛГА: Яргайтын Богинын аманд дэгдсэн түймэрт байшингууд нурам болтлоо шатжээ

СУРВАЛЖИЛГА: Яргайтын Богинын аманд дэгдсэн түймэрт байшингууд нурам болтлоо шатжээ

Өчигдөр өглөө /2020.04.08/ Яргайтын Богинын аманд түймэр дэгдэж, найман айлын хашаа байшин шатаж, хоёр айлын байшин хайрагдсан мэдээллийг бид мэдээлсэн. ОБЕГ-ийн шуурхай албаны утсанд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны 8:25-д дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг унтраажээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалжээ.

Хэн нэгэн бэртэж гэмтээгүй ч олон сая төгрөгийн хохирол учруулсан энэ үйл явдал чухам юунаас болж үүссэн, нөхцөл байдлын талаар бид газар дээрээс нь сурвалжиллаа.

-ХОХИРСОН ИРГЭД ЦАГДААД ОЧИЖ ГОМДЛОО ГАРГАНА -

Биднийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Яргайтын Богинын аманд 15.00 цагийн орчим очиход Онцгой байдлын албаны нэг машин байв. Тэд нөхцөл байдлыг ажиглаж, цог үлдсэн эсэхийг нягталж буй аж. Тус ажилтнуудаас түймэр гарсан шалтгааныг тодруулахад “ Яг одоогоор шалтгааны шинжилгээ хийж байгаа. Хариу нь гарахаар мэдэгдэнэ. Хэрвээ хувь хүнээс үүдэлтэй бол хохирлыг тухайн хүнээр төлүүлнэ. Шатсан байшингийн эзэдтэй холбогдож мэдэгдэхийг хороонд даалгасан” гэв.

Түймэрт автсан хэсэг рүү очихын тулд өндөр өнжмөл өвстэй нарийн жимээр  алхаж, ойролцоогоор гурван эгнээ модон байшин өнгөрөв. Найман байшингийн хоёроос бусад нь нурам болтлоо шатжээ. Цөөн хэдэн төмөр сав суулга, орны төмөр л үлдсэн байх аж.

Бидэнтэй зэрэгцэн ирж байшингаа шалгаж буй иргэдээс болсон  явдлын талаар тодруулахад “ Дөнгөж сая л ирж байна. Арван нэгэн цагийн мэдээгээр үзээд санаа зовоод ирлээ. Азаар манай байшин руу ороогүй байна” гэв.

Түймэрт хайрагдсан нэг байшингийн эзнээс хэзээ, хэрхэн мэдсэн талаар асуухад “ Доор замын хажууд байдаг айл энэ хавийнхандаа утсаар мэдэгдсэн. Манай хажуу айл яг манайхтай адил дээр үеийн байшин байсан. Юу ч үгүй шатчихжээ. Энэ хавийн хүмүүс замын хажуугийн шонгийн модноос оч үсэрсэн байж магадгүй гэцгээж байна. Маргааш Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 17-р хэлтэс дээр очиж хохирлоо мэдүүлнэ. Хорооноос ямар нэг байдлаар холбогдоогүй. Ер нь манай энэ хавьд хаягжилт, хорооны үйл ажиллагаа муу,харилцаа холбоо үйл ажиллагаа бараг байдаггүй” гэлээ.

-ИРГЭДИЙГ АНХААРАЛ БОЛГООМЖ АЛДАХГҮЙ БАЙХЫГ МЭРГЭЖЛИЙН
БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛСААР БАЙНА-

Түймрийн дуудлага 101 дугаарт анх хэн өгсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд түймрийн талаар хөршүүддээ залгаж мэдэгдсэн иргэн Ц.Оюунаас болсон явлын талаар асуулаа.

Та түймэр гарсныг хэзээ мэдсэн бэ?

ОБЕГ-ын аврагчид машиныхаа дууг хангинуулаад ирэх үед мэдээд их сандарсан. Айсандаа хамгийн түрүүнд муу хэвтрийн хөгшинөө л гаргахыг бодоод аврагчдаас тусламж хүсэхэд тэд галыг цурманд оруулсан аюулгүй гэж хэлсэн.

Хөршүүддээ залгаж хэлсэн талаар сонссон, та энд өвөлждөг үү?

Манай хөгшин бие муутай, хэвтэрт байдаг юм. Бид хоёр эндээ амьдардаг. Ойр хавийн айлуудтай холбоотой байдаг. Тайвширсаныхаа дараа мэддэг хүмүүстээ залгаж хэлсэн.

Гал түймэр унтраах үйл ажиллагаа хэр удаан үргэлжилсэн бэ?

Онцгой байдлынхан ирээд нэг их удаагүй дурэлзсэн галыг унтраасан. Сайн ажилладаг хүмүүс байна лээ. 

Өнгөрсөн Ням гарагт нийслэлийн ногоон бүсэд 34 удаа түймэр гарсан. Энэ бүх дуудлага өнжмөл шар өвс шатаасантай холбоотой.

Хуурайшилт ихтэй энэ үед иргэд хашаагаа цэвэрлэхийн оронд гал тавих, тамхи татах зэрэг ил гал гаргахдаа анхаарал болгоомжгүй хандсанаас түймэр дэгдэх шалтгаан болж байгааг ОБЕГ-аас сануулж байна. 

Мөн газар төлөвлөлт муу, хаа хаамаагүй хашаа хадаж, байшингаа тулгаж барьсанаас гал түймрийн аюулын үед аврагч машинууд орох боломжгүй, хүндрэлтэй байгаа талаар албаныхан хэлж байна. Энэ долоо хоногт нийслэл хотод хур тунадас орохгүй, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа учраас иргэд дор бүрнээ хариуцлагатай байж гал түймрийн аюулаас сэргийлэх нь зүйтэй юм.