Ц.Даваасүрэн: Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барьж байгуулна

Ц.Даваасүрэн: Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барьж байгуулна

-ЭНЭ СТАНЦЫН ГОЛ ХЭРЭГЛЭГЧ НЬ ОЮУТОЛГОЙ БАЙНА-

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.08/ болж байна. Хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Тэрбээр энэ талаар "Тавантолгойн цахилгаан станц барих ажлаар 2018 онд Оюутолгой компанитай гэрээ байгуулсан. Энэ хугацаанд хоёр тал хамтарч ажилласан. Станцын талаар тодорхой саналууд ирсэн. Станц барих ажлыг 1.1 тэрбум долларын өртөгтэй гэсэн саналыг ирүүлсэн. Энэ нь дэлхийн зах зээлийн өртөгтэй харьцуулахад харьцангуй өндөр. Дэлхийн зах зээлээс харвал нэг мваттын цахилгаан станц барих өртөг нэг сая евро. Эргээд 34 хувь дээрээ өр болж өсөөд ногдол ашгийг ухраах нөхцөл байдал үүсч магадгүй байна. Мөн  34 хувийг зээлээр 1.1 тэрбум долларын өртөгтэй станц авах саналыг Засгийн газар хүлээж аваагүй. 

Тиймээс 2024 онд ашиглалтад оруулах 450 мваттын цахилгаан станцыг төр, Засгийн газар санхүүжүүлж барихаар шийдвэрлэлээ. Төрийн өмчит компани байна. Санхүүжилтийг төрөөс босгоно. Зээл зэрэг санхүүгийн эх үүсвэрийг бид судална. ТЭЗҮ-г өмнө нь гаргасан байсан. Тавантолгойн төсөлд нийт 17 сая долллар зарцуулсан байдаг. Тэр хүрээнд ТЭЗҮ-г хийсэн байсан. 

Тухайн үед цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулсан бөгөөд шугам сүлжээ болон бусад дэд бүүтцийн ажлыг оруулаад 560-600 сая ам.доллар зарцуулахаар тусгасан байгаа юм. Энэ бол Оюутолгой компанийн тавьсан саналаас даруй 30 хувь хямд үнэ.

Үүнээс гадна эрчим хүчний үнэ 50 хувь хямд байна. Хөрөнгө оруулалтыг таван жилийн дотор нөхнө. Тиймээс станц барих төслийг төр санхүүжүүлэх боллоо. Засгийн газар болон Оюутолгой компанийн байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн дотор эрчим хүчийг Монгол Улсаас худалдан авдаг болно” гэсэн заалт бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байна. Тиймээс станцыг ашиглалтад оруулсны дараа гол хэрэглэгч нь Оюутолгой байх юм” гэлээ.

Оюутолгой төсөл импортын эрчим хүчинд жил 170-200 сая ам.доллар зарцуулдаг байна. Тиймээс төр Тавантолгойн станцыг барьсан зардлаа 5 жилийн дотор нөхөх боломжтой хэмээн тооцоолжээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Санхүүжилт босгох боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эхний ээлжинд "Эрдэс-Тавантолгой" компанийг түшиглэнэ. Тус компани ашигтай ажиллаж чадвал станцыг санхүүжүүлэх боломжтой. Шаардлагатай бол бонд гаргах юм. Санхүүжилт босгох ажлыг маргаашнаас эхлүүлэхээс гадна Оюутолгой төслийн удирдлагуудтай уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулах болно.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнд Усан цахилгаан станц байгуулах ажил ямар шатанд байна вэ?

-Эгийн голд Усан цахилгаан станц барихад ОХУ-ын Байгал нуурын экологид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн асуудалл яригддаг. Энэ асуудлыг нарийн судлахаар Францын компани ажиллаж байгаа. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ТЭЗҮ-г хятадын талд хүргүүлсэн. Хэрэв Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийг шийдвэрлээд, тендер зарлана.