Сайд асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн

Сайд асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн

Улсын Ерөнхий прокурорын газраас улирал бүр хийсэн ажлын тайлан, олны анхаарал татсан хэргийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Прокурорын байгууллага энэ оны эхний улирлын байдлаар, нийт 1318 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 55 гэмт хэргээр яллах  дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат, "Сүүлийн үед өсвөр үеийнхний хар тамхины хэрэглээ түгээмэл байгаа, энэ тоо нэмэгдэж байгаа харамсалтай дүн мэдээ байна. Үүнтэй тэмцэх нь зөвхөн хуулийн байгууллагын үүрэг биш, урьдчилан сэргийлэхэд төр засаг, олон нийтийн оролцоо чухал байгаа гэдэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна" гэв.

Мөн энэ үеэр олны анхаарал татсан зарим хэргийн талаар мэдээлэл өглөө.

ТУХАЙЛБАЛ, 

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
  • Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, тус яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэргийг гуравдугаар сарын 31-нд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох авлигын хэргийг хоёрдугаар сарын 18-нд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлсэн байна. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэжээ.
  • Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Отгочулуун нарын холбогдсон хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан дөрвөн удаа хойшлоод байна.
  • Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хянагдаж байгаа.
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэрэг мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа.
  • Цахим сүлжээ ашиглан бусдын эд хөрөнгийг залилсан, мөнгө угааса хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг хянаж байгаа.
  • Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг хянаж байгаа талаар мэдээллээ.