Ч.Ерөөлтүвшин: Санаатайгаар төөрөгдөл үүсгэж нохойг минь зарахаар нуусан байжээ

Ч.Ерөөлтүвшин: Санаатайгаар төөрөгдөл үүсгэж нохойг минь зарахаар нуусан байжээ

Цахим орчинд зөв амьдралын  хэвшлийг уриалан, хэрэгцээт зөвлөгөөг хуваалцдаг “Хөдөөний айл” фэйж хуудсыг санаачлагч Ч.Ерөөлтүвшин өнгөрсөн ням гаригт нохойгоо алдсан тухай мэдээлэл гарсан. Түүнийг нохойгоо хайх үеэр “Танай нохойг алчихсан бололтой” гэсэн зургийг нэгэн хүн илгээсэн байна. Уг зурагт түүний нохойн хөлнөөс цус нь гарч үхсэн мэт харагдаж байжээ. Ч.Ерөөлтүвшин хуульч мэргэжилтэй өмнө нь эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан туршлагатай учраас ирүүлсэн зурвас болон зурганд хэд, хэдэн сэжигтэй зүйлс байгааг ажиглажээ.

Харин энэ сарын 7-нд тэр “үхсэн нохойгоо амьдаар нь олов” хэмээх бичлэгийг оруулж, мэдээллийг түгээсэн олон нийтэд талархал илэрхийлжээ. Чухам юу болсон талаар бид иргэн Ч.Ерөөлтүвшинтэй холбогдож, тодрууллаа.

-Нохойгоо хэзээ эргүүлэн олж авсан бэ?

-Хантигаа алдсан өдрөө Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн. Уржигдар орой аймгийн цагдаагийн газрын дэд хурандаа Энхмөнх нохойг минь авчирч өгсөн. Хулгайчид хоёр хоног хөдөө аваачиж нуусан байсныг хэлсэн.

-Цагдаа авчирч өгсөн гэхээр хэрэгтнүүдийг илрүүлсэн гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллага хэргийг бүрэн шалгаж дуусаагүй байгаа. Халаасны хулгай, нохой зориудаар хулгайлж, зардаг бүлэглэн хүмүүс байдаг юм шиг байна. Манай нохойг төлөвлөгөөтэй ирж хулгайлчихаад, зар оруулахад  албаар үхсэн болгож төөрөгдүүлсэн. Унтуулж байгаад дээр нь цус түрхээд зургийг нь авч над руу явуулаад бүр сүүлдээ адилхан нохой алаад жалганд хаяж дахин зургийг нь явуулсан. Би ч нохойгоо үхчихсэн л гэж бодож байтал цагдаа нар шуурхай ажиллаж Хантиг минь олж өгсөн.

“НОХОЙГОО АЛДСАНЫГ МИНЬ СОНСООД САЙХАН СЭТГЭЛТ ОЛОН
ХҮМҮҮС ГӨЛӨГ БЭЛЭГЛЭЕ ГЭСЭН”

-Танай нохой уяатай байсан уу?

-Тийм газар төмөр гадас хатгаад гинжилсэн байсан. Хулгайчид гинжтэй юутай нь суга татаад аваад явчихсан байсан.

-Хулгайчид ямар зорилгоор таныг төөрөгдүүлсэн гэж та бодож байна вэ?

-Би өөрөө нохой сонирхдог юм. Монголд манай нохой шиг цэвэр цусны Лайка үүлдрийн анч нохой ховор байдаг.  Хоёр жилийн өмнөөс нохой сонирхогчдын групп дээр энэ үүлдрийн талаар мэдээлэл оруулж, хүмүүст нэлээд таниулсан юм. Тэгээд жилийн өмнө Оросоос цэвэр цусны гөлөг авчирч тэжээсэн. Бүх зардал нь нийлээд 1,5сая орчим болсон. Хулгайчид ийм ген сайтай, ховор нохойнуудыг авч үржүүлээд цааш нь зардаг. Мөнгөний төлөө л ийм зүйл хийж байгаа. Би яахав олон түмний хүчээр нохойгоо олж авлаа. Гэр бүлийн гишүүний адил байдаг нохойгоо алдсан хүн маш олон байдаг юм билээ.

-Нохойнд унтуулгын тариа хийсэн байсан, бие нь ямар байдалтай байна вэ?

-Нүд нь сүлийгээд эвгүй болчихсон, бага зэрэг ядрангуй байна. Манай гэрийнхнээс өөр хүн, газар үзээгүй гөлөгөн нохой. Жаахан цочирдсон байдалтай л байна.

-БАЯРЛАЛАА