Доналд Трамп: Халдварын эсрэг шуурхай ажиллаж чадаагүй ДЭМБ-ыг санхүүжүүлэх асуудлыг эргэн харна

Доналд Трамп: Халдварын эсрэг шуурхай ажиллаж чадаагүй ДЭМБ-ыг санхүүжүүлэх асуудлыг эргэн харна

Өчигдөр /2020.04.08/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ ДЭМБ-ыг хатуу шүүмжилжээ. Тэрээр “ДЭМБ АНУ-аас их хэмжээний мөнгө авч санхүүждэг. Гэтэл тус байгууллага коронавирусийн эсрэг тэмцэхдээ амжилтгүй шийдвэрүүд гаргаж, шуурхай ажиллаж чадаагүй учраас цаашдаа санхүүжүүлэх эсэх талаар бодолцох болно. 

АНУ коронавирусийн тархалтыг тогтоон барихын тулд Хятадтай хилээ хаах тухай шийдвэрийг ДЭМБ анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Энэ мэтчилэн олон алдаа гаргасан. Магадгүй Хятадын байр суурийг илүүд үзэж байгаа бололтой” гэжээ.

Түүний энэ мэдэгдлийн дараа сэтгүүлчид халдвар гарсан энэ үед ДЭМБ-ын санхүүжилтыг зогсоосноор үр дүнтэй алхам болж чадах эсэхийг асуухад “Байдал намжсаны дараа энэ асуудлыг эргэн харах болно”  гэжээ.

Харин ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Женевт болсон хурлын үеэр "дэлхийн улс орнуудын  удирдагчдыг коронавирусийг  улс төржүүлэхээ болих хэрэгтэй. Коронавирусийг тойрсон улс төржилт зогссон цагт өвчний үр дагавартай тэмцэхэд илүү хялбар байх болно" гэжээ.

Түүнчлэн коронавирусийг ялахын тулд бүх улс орнууд, ялангуяа АНУ,  Хятадыг хамтарч ажиллахыг уриалсан байна.