Тусгаарлагдаж буй иргэдийг цахим бугуйвчаар хянахыг дэмжлээ

Тусгаарлагдаж буй иргэдийг цахим бугуйвчаар хянахыг дэмжлээ

БНСУ-ын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болсон хуралдааны үеэр хөл хорионд байгаа иргэдийн хөдөлгөөнийг хянахын тулд цахим бугуйвч ашиглахыг санал болгож, олон нийтээр хэлэлцүүлсний дараа дахин хэлэлцэхээр болсон. Тэгвэл нийгмийн судалгааны “Realmeter” агентлагаас иргэд энэхүү саналыг дэмжиж байгааг мэдэгдлээ.

Санал асуулгад оролцсон иргэдийн 77.8 хувь нь коронавирусийн халдвар дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжсэн бол 16.5 хувь нь эсэргүүцсэн бөгөөд энэ нь “хүний эрх зөрчиж байна” гэжээ.

Тус улсад одоогоор хөл хорионд байгаа хүмүүсийг гар утасны программын тусламжтайгаар хянаж байгаа боловч ухаалаг гар утсаа гэртээ үлдээх эсвэл GPS функцийг нь унтраах зэргээр дэглэмийг зөрчсөн тохиолдол гарсаар байна. Одоогийн байдлаар 46500 хүн гэрийн хөл хорионд байгаа бөгөөд тэдний 36 мянга нь гадаадаас ирсэн хүмүүс аж. Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагынхан хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 75 тохиолдлыг илрүүлжээ.