Коронавируст анхаарлаа хандуулж байхад долоо хоногт хүний амь нас хохирсон хэрэг 67 бүртгэгджээ

Коронавируст анхаарлаа хандуулж байхад долоо хоногт хүний амь нас хохирсон хэрэг 67 бүртгэгджээ

Монгол Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөл хорио, хязгаарлалт тогтоогоод гурван сар орчим болж байна. Товчхондоо энэ хугацаанд вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хангалттай явж байна. Халдварын тохиолдол 30 бүртгэгдсэн бол вирусийн халдвараас болж амиа алдсан тохиолдол гараагүй байна. 

Гэтэл коронавирусийн гадаад, дотоод нөхцөл байдалд бүгд анхаарлаа хандуулж байх энэ хугацаанд буюу сүүлийн долоо хоногт хүний амь нас хохирсон хэрэг өдөрт 10 орчим бүртгэгдэж,  хүчиндэх гэмт хэрэг өдөрт 2-3 удаа гарч байгаа ажээ. 

-БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА-

Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 3-9 ны өдрүүдэд буюу сүүлийн долоо хоногийн хугацаанд хүний амь нас хохирсон 67 хэрэг бүртгэгджээ.

Үүнээс хүүхдийн амь насанд хохирсон дөрвөн хэрэг бүртгэгдсэн байна. Мөн хүчиндэх гэмт хэрэг долоо хоногт 16 бүртгэгджээ.

Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух эмэгтэй 14 настай С-ийг 43 настай эрэгтэй Ч удаа дараа хүчиндсэн хэргийг тус аймгийн Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух 25 настай эрэгтэй Б нь 14 настай эмэгтэй М-г хүчиндсэн хэрэг гарсан байна.Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутагт оршин суух хаягтай Б нь 41-** СБА улсын дугаартай “Bongo-3” маркийн автомашинаар 3 настай Б-г мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. 

Иймд улс орон даяараа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж байх энэ цаг үед гэмт хэргийн улмаас иргэд амиа алдаж, эрх нь зөрчигдсөөр байна. 

-ИРГЭД АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙГЭЭС БОЛЖ АМИА АЛДАЖ БАЙНА-

Мөн дөрөвдүгээр сарын 3-9 ны өдрүүдэд амиа хорлож нас барсан хэрэг 12, Ил гэмтэл, шархгүй нас барсан хэрэг 42, золгүй байдлаар амиа алдсан хэрэг 7 бүртгэгдсэн байна.  Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух Г нь HAOJUE маркийн мотоцикл жолоодож яваад, онхолдож нас барсан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.

Иймд иргэдийг хорио цээрийн энэ өдрүүдэд сонор, сэрэмжээ сулруулахгүйгээр, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.