ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлгүй гэжээ

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлгүй гэжээ

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл" ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг өнгөрсөн хоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гишүүн Д.Одбаярыг эргүүлэн татах асуудлаар төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл түүний явуулсан албан бичигт УИХ-аас хариу ирүүлсэн байна. 

Тус хариу бичигт

"Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, төрийн алба хаах насны хязгаарт хүрсэн эсхүл гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосноос бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглосон байдаг. Тийм учраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна" гэжээ. 

Л.Отгонцэцэгийн хувьд төрийн албанаас хариуцлага нэхэж, Д.Одбаярыг эргүүлэн татахыг шаардсан бичгийг УИХ-ын гишүүдэд мөн хүргүүлэх аж. Сануулахад, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр нь Улаанбаатар-Сөүлд чиглэлийн нислэгээр зорчихдоо онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн хэргээр БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм. Энэ нь түүнийг ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл мөн гэж зарим хүн үзэж байгаа юм.