Б.Пүрэвдорж: Нефть импортлогч гэмт хэрэг үйлдэхээс гадна, иргэдийн автомашиныг эвдэж сүйтгэж байна

Б.Пүрэвдорж: Нефть импортлогч гэмт хэрэг үйлдэхээс гадна, иргэдийн автомашиныг эвдэж сүйтгэж байна

Керосин, нафта бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар авдаг болох хуулийн төсөл өргөн барьж буйгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэв. Мөн шатахууны үнэ 600 хүртэл төгрөгөөр багасах боломжтой гэдгийг онцоллоо. 

Тэрбээр, 2018 онд хуурамч шатахуун, түлшний асуудлыг хөндөж байснаа тэмдэглээд, үүнээс хойш энэ байдал 70 хувиар багассан, энэ нь хангалтгүй байгаа гэв. Учир нь Монгол Улсад өнгөрсөн хоёр жилд 210 мянган тонн керосин, нафта бодис орж иржээ. Манай улс ийм хэмжээний керосин, нафта хэрэглэх үндэслэл байхгүй. Шатахуун, түлшинд хольдог уг бодисыг аж ахуйн нэгжүүд импортлохдоо онцгой албан татвар төлдөггүй гэдгийг цохон тэмдэглээд, дээрх бодис нь иргэдэд эдийн засгийн дарамт учруулж буйг тайлбарлалаа. Энэ талаар тэрбээр, “Дээрх бодисыг шатахуунд хольсноор та бүхний хамгийн өргөн хэрэглэдэг Приүс загварын автомашины цахилгаан карвератор 2-3 жил болоод эвдэрдэг. Түлшинд хольсноор, малчдын өргөн хэрэглэдэг Портер автомашины түлшний апартур жил бүр эвдэрдэг гэдгийг та бүхэн мэднэ. Энэ бүхний учир нь керосин, нафта бодисыг түлш, шатахуунтай хольсонтой холбоотой. Иргэдийн автомашины хохирлыг тооцож үзвэл, маш том эдийн засгийн хохирол дагуулж байна” хэмээлээ. 

Тэрээр, нефть импортлогч компаниуд 2018-2019 онд керосин, нафта бодисын татварын зөрүүнээс 16 сая 800 мянган ам доллар буюу 47 тэрбум төгрөгийн ашиг олсон байгааг сонирхуулав. Эдгээр аж ахуйн нэгжүүд эдийн засгийн том гэмт хэрэг үйлдэхээс гадна, иргэдийн автомашиныг эвдэж сүйтгэж байна хэмээлээ. 

Дээрх хуулийн төсөл батлагдсанаар, Монгол Улсад шатахуун, түлш стандартад нийцсэн байх боломжийг бий болгоно гэдгийг онцоллоо. 

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өнгөрсөн оны эхний үед 70 ам.доллар байсан бол өнөөдөр 22 ам.доллар болж багасажээ. Бензины үнэ 300-400 төгрөгөөр хямдарсан ч зарим газар хангалттай багасаагүй гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр онцоллоо. Тэрбээр, “2018-2019 онд нефтийн дундаж үнэ 650 ам.доллар байсан. Өнөөдөр Монгол Улсын хилээр 370 ам.доллараар орж ирж байна. Үүнээс литр тутамд 930 төгрөгийн зөрүү гарч байна” гэлээ. Тиймээс 300-400 төгрөгөөр хямдарсан шатахууны үнийг 600 хүртэлх төгрөгөөр хямдруулах боломж байгааг тэрээр онцлов. Импортлосон шатахуунаа үнэтэй борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй Засгийн газар дахин хэлэлцэж, иргэдийн гол хэрэглээ болсон шатахууны үнийг хямдруулах шаардлагатай байгаа гэлээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө