Эрүүдэн шүүсний улмаас 29 настай иргэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид амиа алдсан уу

Эрүүдэн шүүсний улмаас 29 настай иргэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид амиа алдсан уу

Нийгэм, иргэдийн анхаарал цар тахал, коронавирусийн нөхцөл байдал, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дотоод, гадаад мэдээлэлд анхаарч байгаа энэ үед төрийн тусгай, хамгаалалттай байранд иргэн амиа алдсан хэрэг дахин гарсан байна. 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан 29 настай иргэн Л өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт буюу энэ сарын 13-ны өдөр нас баржээ. 

Л нь цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаад 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Ингээд эмчилгээг үргэлжлүүлэх явцад түүний биеийн байдал хүндэрч нас баржээ.

-ТҮҮНИЙГ ЗУРГААН САРЫН ТУРШ ЦАГДАН ХОРИХДОО ХОЁРХОН УДАА БАЙЦААЛТ АВЧ, БИЕИЙН БАЙДАЛ НЬ МУУДАХАД ЦАГДАН ХОРИОНООС СУЛЛААГҮЙ БАЙНА-

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад амиа алдсан 29 настай иргэн Л нь залилангийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байжээ. Харин түүнийг зургаан сарын турш цагдан хорьж, энэ хугацаанд зөвхөн хоёрхон удаа байцаалт авсан гэх мэдээлэл байна. 

Ингээд түүний биеийн байдал муудахад цагдан хорионоос суллаагүй ажээ. Иймд тэрээр бөөрний дутагдал, сүрьеэ өвчний улмаас амиа алдсан байж болзошгүй байна. Учир нь олон сарын турш саатуулагдсан түүний өвчлөлд цагдан хорих байрны орчин нөлөөлсөн байх талтай юм. 

Ийнхүү олон сарын турш цагдан хоригдсоны улмаас бие нь муудаж 29-хөн настай иргэн Л амиа алдсан нь түүнийг залхаан цээрлүүлэх, эрүүдэн шүүсний гоц шинж гэж дүгнэж болох юм. Учир нь хэрэгт сэжиглэгдэж, түүнийг гэмт буруутай эсэхийг нь эцэслэсэн Шүүхийн шийдвэр гараагүй байхад тус иргэнийг яагаад олон сарын хугацаанд хорив, энэ хугацаанд яагаад хоёрхон удаа байцаалт авав, цаашлаад биеийн байдал нь муудахад яагаад бусад эмнэлэгт биеийн байдлаа эмчлүүлэх эрхийг нь эдлүүлээгүй вэ гэдэг асуудал гарч байна. 

-АМЬ ХОХИРОГЧИЙГ “АДГИЙН МУУ НЭГЭН” БАЙСАН МЭТЭЭР ТАЙЛБАРЛАХЫН УЧИР ЮУ ВЭ-

Иргэн Л-ын талаар зарим хэвлэлд гарсан мэдээллийг үзвэл, түүнийг 2231 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдан хоригдож байсан, “оргодол босуул” байсан мэтийн мэдээлэл гарчээ. 

Гэтэл тэрээр 29-хөн настай, залилангийн хэрэгт сэжиглэгдэж байсан, Шүүхээр ороогүй нэгэн байжээ. 

Түүний шалгагдаж байсан хэргийн дэлгэрэнгүй тоон мэдээлэл хэвлэлд нийтлэгдэхийн учир нь зохих төрийн байгууллагууд өөрсдийн алдаа дутагдал, эрүүдэн шүүлт, хууль зөрчсөн үйлдлээс нь болж иргэн алдсан амиа алдсан байж болзошгүй гэдгийг нуух гэсэн оролдлого байх талтай юм. Харин ноцтой алдаа гаргасан байж болзошгүй хууль, хяналтын байгууллагуудын албан тушаалтнууд, түүний удирдлагуудад хариуцлага тооцож, ХЗДХЯ-ны харьяа байгууллагуудад хүний эрх, түүнд хамаарах хуулийг чанд сануулах үүрэгтэй Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ /-ны сайд Ц.Нямдорж өнөөдрийг хүртэл чимээгүй байна. 

Учир нь Хүний эрхийн үндэсний комиссын "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг сонсох хуралдааны үеэр Ц.Нямдорж сайд “Намайг олон жил сайд хийсэн, шорон их бариулдаг гэж надад дургүй  хүмүүс ярьдаг. Аль аль нь үнэн. Хоригдлын бүх байр шинэ шүү. Хүнийг тамлах боломжгүй болгосон шүү” гэж мэдэгдэж байв. Гэтэл ХЗДХЯ-ны харьяа хуулийн байгууллагуудын алдаа, эрүүдэн шүүлгэж, залхаан цээрлүүлсний улмаас 29-хөн настай залуу амиа алдсан байж болзошгүй байна. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө