Ц.Тамара: Би Загдааг унасан дээр нь дэвслэхгүй

Ц.Тамара: Би Загдааг унасан дээр нь дэвслэхгүй

Сүүлийн үед “хаягдсан хүмүүс” гэж нэрлэгддэг орон гэргүй, архины хамааралтай хүмүүсийг харж ханддаг хувь хүмүүс, ТББ-ууд цөөнгүй болсон. Тэгвэл ийм үйл ажиллагаа явуулдаг “Зөв амьдрах ухаан” ТББ-ийн тэргүүн Г.Загдаа, Н.Амараа нар хүчирхийллийн хэрэг, хүүхдийн эрх зөрчсөн зэрэг асуудалд холбогдсон. Үүнээс үүдэж нийгэм энэ талаар сөрөг ойлголттой болоод буй. Одоогоор тус байгууллагад 130 орчим хүн байна.

Тэгвэл яг энэ чиглэлээр 20 дахь жилдээ ажиллаж буй хүн бол  Ц.Тамара буюу Тамара эмээ. Олонд энэ нэрээрээ танигдсан тэрээр орон гэргүй хүмүүсийг авч дэргэдээ байлган, хүүхдүүдийг нь харж ханддаг байна. 74 насыг зооглоод буй сайхан сэтгэлт эмээтэй түүний бодож санаж явдаг зүйлсийн талаар ярилцлаа.

-ХҮМҮҮСТ ТУСАЛСНААР ЦАРАЙ МИНЬ ГЭРЭЛТЭЙ,
ХӨЛ ГАР ЧАНГА, УХААЛАГ БАЙНА-

-Эмээ та минь одоогоор ямар ажилд төвлөрч ажиллаж байна вэ? Үйл ажиллагаа тань хэвийн явагдаж байна уу?

-Би хүний өөрийн нийлүүлэн хөрөнгө босгож, архины хамааралгүй орон гэргүй хүүхэдтэй гэр бүлийг орон сууцанд оруулах цогц төсөл бэлдсэн. Энэ өвөл гэрүүддээ хүн нэмж авсангүй. Учир нь НЗДТГ-аас намайг Яармагийн шинэ орон сууцны доор подвальд орон гэргүй хүмүүст сургалт хийх санал тавьсан. Тэр хүмүүст бичиг үсэг заагаад нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулна. Би зөвшөөрсөн, олон танил, багш найзууд ч тусалъя гэсэн. Гэвч орон сууцанд орох гэж байгаа иргэд муу нөлөөлөл үзүүлнэ гэж эсэргүүцээд болсонгүй. Тэгээд байж байтал корона гээд айхтар өвчин гарчихлаа. Одоо төслөө бодит ажил болгох гээд гүйж явна.

-Та 20 жил хүмүүст тусаллаа, энэ хугацаанд тусалсан хүнийхээ тоог гаргаж үзэв үү?

-Ер нь бол Монгол ёсонд хийсэн буянаа тоолдоггүй юм. Гэхдээ ерөнхий баримжаагаар бол би 1300 орчим хүнийг өвлийн хүйтэнд амь насыг нь аварлаа. Түүнээс 500 орчим нь нийгэмд хөл тавьсан байдаг. Өөрийнхөө хоёр өрөө байрыг зараад 25 ханатай гэр аваад хүмүүсийг байлгасан. Хоёроос гурван жил байлгаад амьдрал нь жигдрээд ирэхээр гэр өгөөд явуулдаг. Гэхдээ тэдгээр хүмүүс дандаа архины хамааралгүй, хоёроос дээш хүүхэдтэй гэр бүл байдаг. Одоогоор 20 гэр бүлийг орох оронтой болгож тусад нь гаргачхаад байна.

-Тантай адил ажил хийдэг Г.Загдаа саяхан нийгэмд шуугиан дэгдээлээ, та энэ талаар юу гэж бодов?

-Би энэ дээр ямар нэг онош, дүгнэлт тавихгүй. Хувь хүний зүгээс надад зөндөө л бодол төрдөг. Гэхдээ би өнөөдөр энийг ил гаргаж хэлэхгүй. Яагаад гэвэл ядарч зүдрээд шоронд орсон хойно нь дээр нь дэвссэн болчихно. Эр хүн буруутаж, ядарч яваа бол би дээр нь нэмж дэвсдэггүй.

-ӨВЛИЙН ХҮЙТЭНД ӨМСӨХ ХУВЦАСГҮЙ ХҮН АРХИ УУЖ ДУЛААЦНА.
ТЭДЭНД ОРОН БАЙР ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ХАЛУУН ШӨЛ ЧАЦАРГАНА БИШ-

- Ер нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс төрөөс  хэр зэрэг тэтгэмжийг олгодог эсэх дээр олон нийт эргэлзээд байгаа, энэ талаар бодит байдлыг хэлээч?

-2008 онд би хувиараа 3500 орон гэргүй хүмүүсийн судалгаа хийгээд сан байгуулах саналыг С.Баяр сайдад тавьсан. Тухайн үед тэр бол нийт хүмүүсийн 30 орчим хувь л байсан. Тухайн үедээ энэ асуудлаар 27 тэрбум төгрөгийн асуудал шийдэж өгсөн. Намайг очоод асуудлаа шийдүүл гэсэн ч хавьтуулах хүн байгаагүй. Улс өөрөө ажлаа хийнэ гэсэн. Тэгээд л тэр олон орон гэргүй хүмүүст нэг өдрийн халуун шөл, аарц чацаргана өгсөн гэж тайландаа бичсэн байсан. Энэ бол зүгээр төрийн мөнгийг үрэн таран хийсэн явдал.  Түүнээс хойш эрхэм дарга нар халуун шөл өгөх ёстойг ойлгочихсон. Сүүлийн үед нэг хүнд арван мянган төгрөгийн төсөв батлаад надад 20 хүний мөнгө өгсөн. Би тэр үед 58 хүн халамжилж байсан ч хийж байгаа зүйлд минь хандив өргөлөө л гэж бодсон. Миний хийж байгаа зүйл бол цэвэр буяны ажил. Загдаа бол яг тэдэн  төгрөг авна гэж дайраад авдаг. Үүнээс л зөрчил үүссэн юм шиг байгаа юм. Би Загдааг ч буруутгахгүй, төрийг ч зөвтгөхгүй.

-Танай үйл ажиллагаатай төрийн байгууллагаас ирж танилцдаг уу?

-Танилцдаг. Тэр байтугай ТББ-уудтай хамтарч ирж шалгадаг. Загдаагийн эхнэр ч нэг удаа ирж шалгаж байсан.  Ирж нүдээрээ харж, тоолчхоод л 10 хүний мөнгө өгдөг. Оногдсон чинь л энэ гэж хэлдэг. Би ч маргадаггүй, өгснийг нь д авдаг.

-2011 ОНД Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮСЭЛТЭЭР БИ МОНГОЛ УЛСЫН
ХАЛАМЖИЙН ХУУЛИЙГ БИЧИЖ БАЙСАН-

-Төслийнхөө талаар товч танилцуулаач?

-Төсөл маань 1000 өрхийг орон сууцанд оруулж ажлын байраар хангах цогц төсөл байгаа. Газрыг нь авчихсан бүх зүйл нь барихад бэлэн болчихсон. 2017 оноос олон хүнтэй хамтарч, гуйж байж нийт 860 сая төгрөгийг босгож энэ ажлыг хийж байгаа. Ажлын байртай байж орой хоолтой, байрныхаа мөнгийг төлнө. Архи уугаад явж байсан хүн улсдаа 10 хувийн татвар төлнө. Болохгүй зүйл юу байх вэ.

Хэрэгжүүлэхэд тулгамдаад буй асуудал нь юу вэ?

Халамжийн газар, ерөнхийлөгч, ерөнхий сайд бүгд дэмжчихсэн байдаг. Хэрэгжүүлэгч агент нь хотын дарга С.Амарсайхан. Очиж уулзахаар “зөв өө зөв, ойлгож байна, санхүүжилт мөнгө алга” гэдэг. Сүүлдээ өдөр бүр шахуу очоод байхаар дөрөв хувааж өгье гэсэн. Би өнөөдөр 74 настай цаашдаа хэр удахаа ч  мэдэхгүй. Насаараа хийсэн зүйлийнхээ үрийг үзчихмээр байна шүү дээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд залуучууд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж туслаасай гэж хүсэж байна.

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА