Улсын баяр наадмыг ТЭМДЭГЛЭХГҮЙ, ӨНЖӨӨХ судалгаа хийж байна

Улсын баяр наадмыг ТЭМДЭГЛЭХГҮЙ, ӨНЖӨӨХ судалгаа хийж байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ жил зохион байгуулахгүй байх талаар БСШУС-ын яам, Засгийн газар, Улсын онцгой комиссын түвшинд ярьж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор улсын баяр наадмыг хойшлуулах эсэхийг судлах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

-САЛБАР ЯАМНААС БОЛОВСРУУЛСАН САНАЛЫГ УЛСЫН ОНЦГОЙ
КОМИССООР ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ-

Энэ дагуу салбар яам "наадам" хойшлуулах боломжтой эсэх хүрээнд гурван чиглэлд судалгаа хийж байгаа аж.

Тодруулбал,

  1. Наадмыг бүтэн зохион байгуулах боломжтой
  2. Ёслол төдий өнгөрөөх буюу уламжлал урлаг соёлын үзүүлбэрийг телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулаад өнгөрөх.
  3. Огт зохион байгуулахгүй байх.

Наадмыг уламжилж ирсний адил өргөн дэлгэр тэмдэглэх нь маш их эрсдэлтэйн дээр Улсын онцгой комиссын шийдвэртэй зөрчилдөж буй учир энэ нөхцлөөс татгалзах нь тодорхой байгаа аж. Цаашлаад бөхчүүд нутаг, нутгийн галаараа цугларч бэлтгэл хийнэ, нээлтийн тоглолтын бэлтгэлд урлаг соёлынхон цугларч Тавантолгойд гарна гээд эрсдэл бий болох учир боломжгүй гэж үзэж буй аж.

Наадам боллоо гэхэд Хүй долоо худаг, Цэнгэлдэх хүрээлэнд иргэд мянга, мянгаараа цугална, бөхчүүд бөөгнөрч барилдана. Энэ бол вирус тархах ноцтой эрсдлийг бий болгох юм. Тэгэхээр Улсын онцгой комисс баярыг тэмдэглэх хэлбэрийг сонгохгүй нь тодорхой болоод байна.

Ямартай ч БСШУС-ын яам энэ долоо хоногт дээрх саналуудын нэгийг нь сонгож Улсын онцгой комисст танилцуулна. Тэр дагуу Улсын онцгой комисс хуралдаж шийдвэрлэх юм байна. Сүхбаатарын талбайд цөөн дуучин дуулуулж телевизээр бичлэг цацах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр наадамд зориулсан нэвтрүүлэг гаргаж тэмдэглэх аргыг Улсын онцгой комисс сонгож магадгүй аж.

-КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙГООР ХОЙШИЛСОН
АРГА ХЭМЖЭЭНҮҮД-

Манай улс уламжлалт Сар шинийн баяраа шинэ төрлийн коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил тэмдэглэлгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, цахимаар цагаалж бие биенийхээ мэндийг мэдсэн билээ. Мөн дэлхий дахинд хүн төрөлхтний их олимп Токио-2020, хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн, томоохон кино наадмууд, Ялалтын баярын парад гэх мэт бүхий л тэмцээн уралдаан, үйл ажиллагааг хойшлуулаад байгаа билээ. Тиймээс манай улс ч  мөн их баяр цэнгэл наадмаа өнжиж мэдэхээр байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газраас шийдвэр гаргаж хөл, хорионы арга хэмжээ мөн авч магадгүй аж.