ЭМЯ: Турк улсад монгол хүн коронавирусийн халдвараар нас бараагүй

2020-04-20 10:54

ЭМЯ: Турк улсад монгол хүн коронавирусийн халдвараар нас бараагүй

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.  Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Манай улсад 1229 хүн ажиглалтад байна. Мөн сүүлийн өдрүүдэд дөрвөн хүн ажиглалтаас гарч, дөрвөн хүн нэмэгдсэн. Гадаад улс оронд 10 гаруй хүн коронавирусийн халдвар авсан байна. Одоогоор гадаад улс оронд Монгол хүн коронавирусийн улмаас нас барсан мэдээлэл байхгүй байна" гэсэн юм.

2020-04-20 10:27

Турк улсад коронавирусийн халдварын улмаас Монголын иргэн амиа алдсан уу

Гаднын улсад амьдарч буй 13 Монгол иргэн коронавирусээр халдварласан гэдгийг өнгөрөгч долоо хоногт ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн. Тодруулбал, Ирландад 4, ОХУ-д 3, Швед 2, Швейцар 2, БНСУ-д байгаа 2 монгол иргэдийн коронавирусийн  шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарсан байгаа юм.

Мөн эдгээр иргэд гэртээ тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байна. Мөн ЭМЯ-ны 323002 утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах талаар зөвлөгөө авч байна” гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа юм. 

Тэгвэл гадаад улсад амьдардаг Монгол иргэн коронавирусийн халдвар авч, тус улсын эмнэлгийн тусламжийг авч чадалгүй, нас барсан гэх албан бус мэдээлэл байна. Тус мэдээллийг сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг болоод түүн эхнэр Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга нар нийтэлсэн байна. 

ТЭРЭЭР:

“Туркийн засгийн газар оршуулгад зориулж 3000 доллар өгчээ. Мэдээж, хүн ёсоор сүүлчийн замд үдэх бололцоо олдоогүй. Аюул ойрхон байна! Ийм цагт улс орон даяар олноор цугларах бололцоо олгож сонгууль хийх ч дээ” гэжээ.

Харин энэ тухай Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны албаны мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна. Мөн Истанбул дахь Ерөнхий консулын газраас БНТУ-ын талаас албан ёсны дүгнэлт  бүхий мэдээлэл  ирээгүй гэсэн байна гэж мэдээлж байна.