Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлж байна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлж байна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2020 онд Нийслэл хотод хийгдэх зам барилга, зам засвартай холбоотой төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлж байна.

Улаанбаатарт 52.8 км авто зам шинээр барихаар төлөвлөсөн. Уулзварууд 17.5 км, гүүр 170 м, төмөр замын доогуурх дөрвөн нүхэн гарц шинээр хийхээс гадна 65 метр газарт нөхөөс хийнэ. Мөн тэргэнцэртэй иргэдэд зориулсан замыг 150 гаруй байршилд хийнэ.

Хөнгөлөлтийн зээлээр гүйцэтгэсэн Яармаг, Сонсголонгийн гүүрний ажил дууссан. БЗД-ийн Туулын гүүрийг ашиглалтад оруулсан ба одоо Налайхын 20,9 км авто зам дээр суурь хучилтыг хийгээд өнгө хучилтын ажлыг хийх гэж байна. Энэхүү замаар хөдөлгөөнийг хязгаарлахгүй, өргөтгөсөн учир эхний хоёр урсгалаа ашиглаж, нөгөөгөө засах байдлаар солбиж хөдөлгөөнийг хийхээр төлөвлөж байна. Энэ жил уг замын ажил бүрэн дуусна.

Сүүлийн хоёр жилийн усархаг борооны улмаас авто замууд их эвдэрсэн. Тиймээс энэ жил хийгдэх авто замын шинэчлэлтийг дурдвал;

  • Баянбүрдийн тойрог
  • ЭХЭМҮТ-ийн өгсөх, уруудах авто зам
  • ТЭЦ-4-ийн зам
  • Дүнжингаравын замыг нарны замтай холбосон нүхэн гарц
  • Багануур чиглэлийн зам
  • Дарь-Эхийн 3,3 км зам
  • Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 4 км зам
  • Налайх-Чойр чиглэлийн 4,4 км зам
  • Тахилтын авто замын нүхэн гарц гэх мэт авто замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ. 

Дугуйн 52 км шинэ замыг хатуу хучилттай буюу асфальтаар хийнэ. Богд-Уулын арын хэсгээр Налайх хүртэл зам тавина гэлээ. Нийслэлийн иргэдийн 39,3 хувь нь дугуй унадаг гэсэн судалгаа байгаа учир түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахын тулд дугуйн замыг шинээр барихаар болжээ.