Баянгол дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нар байнгын дарамтанд ажиллаж байна гэв

Баянгол дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нар байнгын дарамтанд ажиллаж байна гэв

Өнгөрсөн долдугаар сард Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар З.Балдандугарыг томилсон. Тэрбээр тус албан тушаалд томилогдсон даруйдаа эмнэлгийн эмч, ажилчдыг “Харъяаллын бус хүн үзэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн" гэх зэрэг үл ялиг шалтгаанаар ажлаас нь халж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн сувилагч Ч.Ундрал мөн дээрх асуудлаар хэвлэлд хандлаа. Түүний хувьд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 35 жил түүнээс долоон жилд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт ажиллаж буй сувилагч юм. 

Тэрбээр өөрт тохиолдсон нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө "2019 оны арванхоёрдугаар сард манай хүүхдийн эмнэлгийн салбар хариуцсан эрхлэгч солигдсон. Өмнөх эрхлэгчийг тэтгэвэрт гарах нас нь болсон гэх хэр нь ээ ЭХЭМҮТ-д бөөрний эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Л.Дашиймаа гэж хүнийг томилсон.

Ингээд бид сэтгэлзүйн хувьд асар их дарамт дор ажиллах болсон. Анх удирдлагууд солигдоход бид байгууллагад болж л байдаг асуудал, зохицож ажиллана гэх үүднээс хандсан. Дарга үүрэг болгоно, бид стандартын дагуу, алдаа эндэгдэлгүй ажиллах учиртай. Гэтэл Л.Дашиймаа гэж хүн биднийг үргэлж, “Зайл, малууд” гэхчлэнгээр харааж, загнах болсон.

Өглөөний хурал дээр, “Та нар юу ч мэдэхгүй малууд, зайлцгаа” гэж тогтмол загнана. Коридороор явахдаа үргэлж ажилтны нэр дуудаж, хашхирна. Дүн бүртгэгч, лаборант, ахлах сувилагч би, нярав нарын хүмүүс цугтаа лабораторийн өрөөнд суудаг байлаа. Удирдлага солигдсоны дараа биднийг өрөөнөөс гаргасан, засвар хийнэ гэж.

Манай бөөр нь өвддөг эмчийн шинжилгээний хариу тэр өрөөнд үлдчихсэн юм. 10-аад хоногийн турш хариугаа орж авч чадахгүй хүндрэл үүсэхээр нь би ороод аваад өгчихсөн. Гэтэл хоёр компьютер, нэг шээсний шинжилгээний аппаратаас өөр юмгүй өрөөнд ороод гарсныг “онцгой нөхцөлд нэвтэрлээ” гэж үзээд удирдлагын багийн хурлаар оруулж, арга хэмжээ авсан. Тэр эмчийн нэг жилийн урамшууллыг хасаж, намайг ахлах сувилагчаас бууруулж, ээлжийн сувилагч бол гэсэн." гэжээ. 

Түүний хэлж буйгаар удирдлагууд нь элдэв зүйлээр шалтаглан эмч нарын бүтэн жилийн урамшууллыг хасдаг, тушаал бууруулдаг байна. Мөн З.Балдандугар тус эмнэлгийн захирлаар ирснээс Ахмадын, хүүхдийн, мэс заслын, нийгмийн эрүүл мэндийн гээд бүх салбар эмнэлгийн удирдлагууд дээр шинэ хүмүүсийг давхар томилсон байна. Тодруулбал, нэг албан тушаалд хоёр хүн ажиллуулдаг болжээ. 

Мөн эмч, сувилагч нар байнгын дарамтанд байлгаж, ажлын шөнийн 00, 01 цаг хүртэл ажиллуулснаас болж ядаргаанд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг болсон байна. Энэ ажилчдыг алдаа гаргахад нөлөөлөхөөс айдаг хэмээн Ч.Ундрал сувилагч ярилаа. 

Тиймээс ажилчдын зүгээс дарамтгүй, улстөргүй, өргөсөн тангарагтаа үнэнч хиймээр байна гэдгээ өнөөдөр илэрхийллээ.