ХОНГКОНГ: Аюулгүй байдлын үүднээс Засгийн газрын байрыг хаав

ХОНГКОНГ: Аюулгүй байдлын үүднээс Засгийн газрын байрыг хаав

Лхагва гарагт эргэн тойронд нь олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн тул  аюулгүй байдлыг хангах үүднээс Хонгконгийн Засгийн газрын байрыг дахин хоёр өдөр хаах шийдвэр гаргасан талаар ТАСС агентлаг мэдээллээ.

Адмиралти гэх төвийн дүүрэгт ажилладаг төрийн албан хаагчдыг ажилдаа ирэхгүй байхыг мэдэгдсний дээр тээврийн хамгийн том зангилаанд тооцогддог Адмиралти метро мөн хаагдсан байна.

Ингэснээр эсэргүүцлийн жагсаалын бүс рүү нэвтрэх боломжийг хязгаарлаж байгаа юм. “Цагдаагийн газрын хүсэлтээр Адмиралти өртөө түр хугацаанд хаагдсан, галт тэрэг энэ өртөөн дээр зогсохгүй” гэж төмөр замын тээврийн оператор компани мэдэгджээ.

Эргэн сануулахад, лхагва гаригт олон мянган жагсагч Засгийн газрын байрыг хүрээлж, үйл ажиллагааг нь саатуулсан юм.  Хотын бүхий л дүүргүүдийн тээврийн хөдөлгөөн зогсож, банкны салбарууд, худалдааны цэг болон офисууд түр хугацаанд хаалгаа барьжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, пүрэв гаригийн өглөө зарим томоохон гудамжуудын зорчих хэсэг дахин нээгдсэн ч  Засгийн газрын байрны орчмын замууд болон орох хэсгүүдийг жагсагчид хаасан хэвээр байсан гэнэ. Одоогоор нөхцөл байдал тайван, жагсагчид олноор цугласан хэсэг ажиглагдаагүй, зам талбай шүхэр, маск, усны лонх зэрэг хог хаягдлаар дүүрчээ.

Өчигдөр болсон жагсаалын үеэр жагсагчид Хууль тогтоох зөвлөлийн барилга руу дайрах оролдлого хийсэн тул цагдаагийнхан тэднийг зогсоохоор нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. Улмаар эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөний улмаас 70 гаруй хүн шархаджээ.

Эргэн сануулахад, Хонгконгийн захиргаа гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх механизмыг зохицуулсан хуулийн төсөл батлах гэж буйтай холбоотойгоор эсэргүүцлийн давалгаа өрнөөд байгаа юм. Орон нутгийн сөрөг хүчнийхэн үүнийг Хонгконгийн автономт статус, “нэг улс-хоёр систем” гэсэн томъёоллыг алдагдуулж, ардчилсан эрх, эрх чөлөөнд аюул занал учруулна гэж үзэж байгаа. Улмаар сөрөг хүчнийхэн өнгөрсөн ням гаригт, сүүлийн жилүүдэд тохиогоогүй өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд энэ жагсаалд сая орчим хүн оролцжээ.