С.Чинзориг: Бүх аж, ахуй нэгжийг НДШ-ээс чөлөөлнө

С.Чинзориг: Бүх аж, ахуй нэгжийг НДШ-ээс чөлөөлнө

Төрийн ордонд өнөөдөр /2020.04.29/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өглөө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгнийг хүртэлх зургаан сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлөх хууль батлагдсан. Хувийн хэвшлийн бүх ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, гадаадын хөрөнгө оруулалттай ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, төрийн бус байгууллагад ажиллаж байгаа даатгуулагчид энэ хуулийн үйлчлэлд хамаарч, НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөгдөнө.

Нэгдүгээрт, коронавирусийн халдварын онцгой нөхцөлд бүх ААН, байгууллагын үйл ажиллагаа доголдож орлого нь буурсанд тооцож, дээрх хуулийн үйлчлэлд хамруулна.

Хоёрдугаарт, ААН, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр хөлсөөр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байраа хадгалж байгаа гэж үзэн энэ хуулийг хэрэгжүүлнэ гэсэн нэгдсэн ойлголттой байна.

Дээрх хуулийн дагуу сайн дураар даатгуулагч НДШ-ээс сарын 56 мянга 700 төгрөгөөс чөлөөлөгдөнө.

ААН, иргэний 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд урьдчилан төлсөн НДШ-ийг буцаан олгохоор болж байна.

ААН, байгууллагууд НДШ-ийн төлөлтийнхөө сар бүрийн тайланг дараа сарынх нь 5-ны дотор ирүүлдэг. Тиймээс тавдугаар сарын 5-ны дотор тайлангаа цахимаар ирүүлсэн байх учиртай. Энэ тайланг үндэслэж, дээрх хэлсэн дөрвөн категорийн ААН, байгууллага шаардлага хангаж байгаа бол НДШ-ээс чөлөөлөгдөнө.

Бүх хувийн хэвшлийн байгууллагыг үйл ажиллагаа нь доголдсон гэж үзэж НДШ-ээс чөлөөлнө. Ямарваа нэгэн байдлаар ашигтай ажилласан гэдгээр нь ялгавартай хандахгүй гэсэн байр суурьтай байна.

Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсад бий. Үүний 200 мянга нь төсвөөс цалинждаг. Үндсэндээ нийт ажиллагсдын 75 хувь нь НДШ-ээс чөлөөлөх хуульд хамрагдаж байна.

НДШ-ийн өртэй ААН нэгжүүд дээрх хуульд хамрагдахгүй гэсэн асуудал байхгүй. Өмнө нь НДШ-ийн өртэй байна уу гэдэг асуудлаас үл хамаараад онцгой нөхцөл байдалтай холбогдуулаад бүх хувийн хэвшлийн ААН хамаарна. Өмнөх өрнөөс хамаараад хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн асуудал байхгүй. Харин Засгийн газар энэ хуулиас гадна НДШ-ийн өртэй байгаа ААН-үүдэд хугацаанд төлөөгүй байгаа НДШ-ийн төлөлтөд хүү бодохгүй гэсэн хуулийн өөрчлөлт орсон" гэлээ.