Токиогийн олимп цуцлагдаж магадгүй

Токиогийн олимп цуцлагдаж магадгүй

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам 2021 онд цуцлагдах аюултай тухай Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёоширо Мори ярьлаа.

Тэрээр "Хэрвээ 2021 он гэхэд цар тахлыг бүрэн хяналтанд оруулж чадахгүй бол олимпийн наадмыг цуцлах болно. Олимпийн наадам өмнө нь дайн гэх мэтийн шалтгаанаас болж цуцлагдаж байлаа. Харин одоо бид нүдэнд харагддаггүй дайснуудтай тулалдаж байна. Хэрэв бид хамтдаа энэ дайнд ялж чадвал олимпийн наадам өмнөх олимпийн наадмуудаас илүү цэнэтэй болох байх. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй эс бөгөөс бидний хөдөлмөр, хүчин чармайлт талаар болно” хэмээжээ.

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд зохион байгуулагдах шинэчилсэн тов гарсан билээ.

Харин Японы эрүүл мэндийн холбооны ерөнхийлөгч Ёококүра Ёошитакэ “Би Япон улс олимпийн наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж яримааргүй байна. Гэхдээ зохион байгуулах ажил нь үнэхээр хүнд байх болно гэж би төсөөлж байна. Токио хотод халдвар авсан хүний тоо багасч байгаад итгэлтэй байна. Гэхдээ Японд шинжилгээнд хамрагдсан хүний тоо хангалттай биш байгаа. Тиймээс эрт баярлах болоогүй. Бид дахин нэг долоо хоног байдлыг ажиглах хэрэгтэй. Олимпийн наадмыг вакцингүй бол зохион байгуулахад хэцүү" гэж хэлжээ.