БНСУ-д суух Н.Эрдэнэтуяаг иргэд эсэргүүцэж Ерөнхийлөгчид гомдол гаргажээ

БНСУ-д суух Н.Эрдэнэтуяаг иргэд эсэргүүцэж Ерөнхийлөгчид гомдол гаргажээ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр БНХАУ-д суух элчин сайдаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал, БНСУ-д суух элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг томилох саналаа Гадаад харилцааны яамнаас танилцуулсныг дэмжсэн байдаг.

Ингээд Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон.

-БНСУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИЖ БУЙ Н.ЭНХТУЯАГИЙН ТАЛААР ИРГЭД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ-

Тэгвэл дээрх шийдвэрийн дараа нийгэмд нэлээдгүй шүүмжлэл өрнөөд байна. Тухайлбал БНСУ-д суух элчин сайдад дэмжигдсэн Н.Эрдэнэтуяаг тус албан тушаалд томилох нь буруу гэж хэсэг иргэд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт гомдол гаргасан байна. 

Тэд гомдолдоо, “Монголчуудын хамгийн олноор ажиллаж сурч амьдарч буй БНСУ-д Элчин сайд байхгүй гурван жилийн нүүр үзлээ. Энэ гурван жилийн хугацаанд Элчин сайдын үүрэг гүйцэтгэг Н.Эрдэнэтуяа гэгч хүн ажиллаж байгаа. Энэ хүн одоо Монгол улсаас БНСУ-д суух элчин сайдад нэр дэвшээд байна. Хэрэв энэ хүн бидний төлөө, монголчуудынхаа эрх ашгийг хамгаалж ажиллаж чадах байсан бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд хангалттай нотлох байлаа. 

Харамсалтай нь тэр бидний төлөө ажилласангүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахалын үхлийн аюул БНСУ-д ч хүчтэй тархсан. Энэ хүнд хэцүү үед БНСУ-ын бүх л төрийн албан байгууллага ажиллаж, иргэддээ үйлчилж тусалж дэмжиж байхад зөвхөн Монгол улсын Элчин сайдын яам л хаалгаа түгжиж иргэдээ хүлээн авахаас татгалзаж ямар ч амьд харилцаа байхгүй болсон нь одоо Элчин сайдад нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаатай шууд холбоотой.

Мөн Монгол явах хүсэлтэй гадаадын иргэдэд виз олгодог Элчин сайдын яамны визийн тасгийг татан буулгаж Солонгосын автомашин тээврийн 2 ч компанид тендергүйгээр олгож хууль бус ажиллагаа явуулж байгааг та бүхэн анхааралдаа авна уу. 

Визийн хураамж болох нэг жилд дунджаар 1 сая орчим долларын орлого Элчин сайдын яамны дансанд ордог байсан өдгөө Солонгос компанийн дансанд ордог болсон тухай мэдээлэл байгаа ба үүнийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг бид хүсэж байна” гэжээ. 

-Н.ЭРДЭНЭТУЯА ГЭЖ ХЭН БЭ-

Сонирхуулахад, Н.Эрдэнэтуяа нь1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж,  2018 оны 08 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

Иргэдийн гомдол

Иргэдийн гомдол