М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон арга хэмжээг хүчингүй болгох талаар шүүх хуралдаан болж байна

2020-04-30 13:29

М.Энхсайханыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

Нийслэлийн Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон арга хэмжээг хүчингүй болгох асуудлаар шүүх хуралдаан боллоо. 

Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хаалттай хянан хэлэлцэв.

Ингээд М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг шаардлага хангахгүй орхиж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

2020-04-30 12:05

М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон арга хэмжээг хүчингүй болгох талаар шүүх хуралдаан болж байна

Нийслэлийн Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.04.30/ 10.00 цагт  Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон арга хэмжээг хүчингүй болгуулахаар хандсан гомдлыг шийдвэрлэх шүүх хуралдаан яг одоо болж байна.

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөрөвдүгээр  сарын 23-ны өдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм. Улмаар шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг  тавдугаар сарын 5-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулсан.

Түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон аж. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Дөрөвдүгээр  сарын 23-ны өдөр болсон шүүх хурлын өмнө Монгол Улсын сайд асан М.Энхсайхан энэ талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм.