А.Энхзул:ТЕГ-ын дарга Д.Гэрэл албан тушаалаа ашиглаж аавыг минь хорих гурав дахь оролдлогоо хийж байна

А.Энхзул:ТЕГ-ын дарга Д.Гэрэл албан тушаалаа ашиглаж аавыг минь хорих гурав дахь оролдлогоо хийж байна

Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан, тус байгууллагад насаараа ажилласан хурандаа Ш.Амгаланг /60 настай/ энэ сарын 03-ны өдөр гэр бүлийнхээ хамтаар салхинд гарахаар явж байх үед нь хүч хэрэглэн баривчилж өдгөө 461 дүгээр ангид хориод буй хэрэг олны анхаарлыг татаад байна.

Энэ сарын 03-ны өдөр ням гариг таарсан бөгөөд хурандаа Ш.Амгалан эхнэр, охиныхоо хамтаар салхинд гарахаар Эмээлт орчимд явж байхад нь хар маск баг өмссөн Тагнуулын ерөнхий газрын 15 ажилтан гурван машинтай  хөөж очин үг, дуугүй саатуулж гэр рүү авч явсан байна. Ингээд эхнэр, охиныг нь өөр өрөөнд хорьж байгаад бүтэн зургаан цагийн турш гэрт нь нэгжлэг хийж эцэст нь Ш.Амгалан хурандааг баривчлаад авч явжээ.

Тэд Тагнуулын ерөнхий газарт түүнийг байцаагаад эцэст нь шөнийн 03.00 цагт хорьсон байгаа юм.

Хамгийн ноцтой нь мөрдлөг, нэгжлэг, баривчилгаа явуулахдаа прокурорын зөвшөөрөлтэй байсан эсэх ямар үндэслэлээр саатуулж буйгаа огт хэлээгүй гэж гэр бүлийнхэн нь ярилаа.

Өчигдөр Ш.Амгалан хурандааг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болох байсан. Тийм учраас гэр бүлийнхэн нь тус ангийн гадна хүлээзнэсэн байдалтай байсан юм.

Бид Ш.Амгалан хурандаагийн хүү А.Энхзул, охин А.Алтанзул нартай уулзаж энэ асуудлаар зарим асуултад тодруулга авлаа.

-ХҮҮ А.ЭНХЗУЛ: ААВЫГ МИНЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН
ХОРИХООР УЛАЙРЧ БАЙНА-

-Тагнуулын ерөнхий газраас аавыг тань баривчилсан өдөр ямар үйл явдал болсон талаар та бидэнд бодит мэдээллийг өгөхгүй юу?

-Тухайн өдрийн 16:25 минутад миний охин дүү над руу утсаар яриад “Баахан хүн байна. Бид нарыг бариад байна. Аллаа” гээд орилсон. Ингээд утас нь салсан. Би эргүүлээд залгасан утас нь холбогдохгүй байсан. Би 102 дугаар руу залгаж цагдаа дуудсан. Өөрөө ч Эмээлтэд очсон. Очиход хэн ч байдаггүй. Тэгээд ээж, дүү нарынхаа утас руу залгаад л байлаа. Ашгүй ээж утсаа авсан. Гэтэл 13 дугаар хороолол дахь гэр рүү маань аав, ээж, дүү гурвыг маань шууд авчирсан байсан. Тагнуулын ерөнхий газрынхан аавын машины өмнүүр шууд машинтай хөндөлсөж орж зогсоосон байгаа юм.

Тэгээд хар уут толгойд нь углаад машиндаа суулгасан. Ээж, дүү хоёрыг шууд чирж буулгаад машинд чихэж суулгасан байгаа юм. Ингээд аав,  ээж, дүү нарын унаж явсан машиныг тэс өөр хүн унаад гэрт нь авчирсан. Тэд ямар ч тайлбар хэлээгүй, сонсоогүй. Ингэхдээ биеийн байцаалт болон прокурорын зөвшөөрлийг огт үзүүлээгүй. Гэрт 15 залуу орж ирээд түйвээсэн. Бүх зүйлийг нурааж, буулгаж, нэгжсэн. Цар тахлын үед гэрт арван тавуулаа орж ирээд байж болох уу. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй барих гэж ингэж ажилласан нь Ардчилсан нийгмийн хүнлэг энэрэнгүй ёс мөн үү. 5-6 цаг нэгжлэг хийсэн. Энэ үеэр би гэр рүү гээ орох гэсэн оруулаагүй. Ингээд 23.00 цагийн үед нэгжлэг дуусаад аавыг маань баривчлаад явсан.

- Гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл ч үзүүлээгүй юм уу?

-Үзүүлээгүй. Гэр дотор дүү, ээж, аав байсан. Харин би гадна нь байсан. Ээж, дүү хоёрыг нэг өрөөнд суулгачихаад арван тавуулаа манай гэрт бужигнасан. Хуулиараа  бол нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байлгах ёстой. Гэр дотор юу ч тавих юм билээ. Ийм олуулаа гэрт орж ирсэн үйл ажиллагаанд нь бид сэжиглэж байгаа юм. Мөн айдастай байна. Баривчлах үед нь “Хааш нь авч явах гэж байгаа юм” гэж асуухад “Тагнуулын ерөнхий газар руу авч явна” гэсэн.

-Гэрээс тань юу хайсан юм бол?

-Юу хайж байгаагаа ч хэлээгүй. Одоо ч тайлбар хэлээгүй байна.

-Гэр бүлийнхний хувьд аавын тань баривчилгаатай холбоотой ямар нэгэн хардлага, үндэслэл байна уу?

-2017 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэл томилогдож ирсэн. Томилогдож ирсэн өдрөө манай аавыг ажлаас нь халсан. Хамгийн эхний тушаалаараа халсан гэсэн үг. Тагнуулаас ганцхан хүнийг хална гэж ирээд халсан нь тэр. Манай аав сошиол орчин тэр дундаа твиттерт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Хотгор шанагын ордыг солонгосчуудад зарж буй Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн бичлэгийг твиттертээ тавьсан. Энэ бичлэг тухайн үедээ сайтуудад тавигдсан байсан. Гэхдээ анхдагч эх сурвалж нь манай аав биш шүү дээ. Тагнуулынханы хар тамхины мэдээг орчуулж тавьж байсан. 66 настай Д.Гэрэл нь Тагнуулын ерөнхий газрын даргад хууль бусаар томилогдсон талаар Үндсэн хуулийн цэцэд хоёр удаа хандаж байсан.

Тэтгэврийн насны хүн мөртлөө Тагнуулын ерөнхий газрын даргад томилогдсон гэж шүүмжилж байсан. Үүнээс нь болж албан тушаалаа ашиглан манай аавыг маш ихээр дарамталж байгаа. 2019 оны зургаан сараас хойш Зөрчлийн хуулиар гурван удаа хэрэг үүсгэсэн. Энэ бол гурав дахь нь. Тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан гэж л тэр шүү дээ. Д.Гэрэлийн үйл ажиллагааг л шүүмжилдэг хүн юм.

-Аав тань одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Одоо бол ажилгүй, гэртээ суудаг.

-Өчигдөр /уржигдар/ баривчлагдсанаас нь хойш өмгөөлөгчөөрөө дамжуулж та бүхэн аавынхаа сургийг авч чадав уу?

-Чадаагүй байна. Өмгөөлөгч нь уулзахаар орсон. Бид хүлээгээд л байж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр /өчигдөр/ болно. Ер нь бол үргэлжлүүлэн хорихоор л улайраад байна.

-Анх баривчлах үедээ хэр хугацаатай түр саатуулж байгаагаа хэлсэн үү?

-Өглөө 03.00 цагт манай ээж рүү залгаад 48 цагийн баривчилгаа эхэлж байна гэж мэдэгдсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгааг асуухад огт хариулаагүй.

-Баривчилгаа явуулахдаа ээж болон дүүгийн тань биед гэмтэл учруулсан гэсэн?

-Ээж болон дүүд маань хүч хэрэглэж биеийг нь хөх няц болгосон. Хөгшин настай хүн шүү дээ. Үнэхээр харамсалтай. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бүх сэтгүүлчид амрах үеэр аавыг маань хорьсон.

-Ээжийн тань бие ямар байна?

-Ээжийн сэтгэл санаа маш хүнд байна. Тагнуулын арав гаруй ажилтан гурван машинтай ирж бүчиж аваад баривчилсан. Цочирдоно шүү дээ. Баг зүүсэн хүмүүсээс чинь эмэгтэй хүн айн абиз дээ. Ээжийн маань даралт ихсэж, зүрх нь өвдсөн байдалтай байна. Тухайн үед “Эмнэлэгт очмоор байна, миний бие өвдөөд байна” гэж хэлэхэд нь явуулаагүй байсан. Ийм хүнлэг бус ажиллагаа явуулсан байгаа.

-Баривчлахдаа хүч хэрэглэсэн асуудлаар та бүхэн хуулийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Бид шат, шатны арга хэмжээг авна. Гомдол гаргана.

ОХИН А.АЛТАНЗУЛ: ГАР, ХӨЛИЙГ МИНЬ МУШГИАД Л СУУЛГАСАН 

Харин баривчлагдах үед хамт байсан охин А.Алтанзул болсон үйл явдлын талаар ярихдаа “Би машин бариад явж байсан. Бөөн сүр дуулиантай ирээд л машиныг маань шахсан. Хэд, хэдэн машин ар, өврөөр шахаж зогсоосон. Намайг барьж аваад дугтарч татсан. Гар мушгиж машинд суулгасан” гэсэн юм.

Алан хядагч, онц ноцтой гэмт хэрэгтэн барьж байгаа юм шигээр сүр дуулиан болж баривчлан хүнлэг бус загнасанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Харин хурандаа Ш.Амгалангийн гэргий хэлмэгдүүлэлт гэдэг нь энэ юм шиг байна хүүхдүүд минь. Эгчийнх нь бие хөндүүр байна. Хөх няц болсон хэмээлээ.