М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.05.05/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт товлогдсон. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.Эргэн сануулахад М.Энхсайханыг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал цагдан хорьж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргаж байв.

Түүний өмгөөлөгч Д.Оросоо шүүх хурлын дараа "Шүүх хурал хойшилсонтой холбоотой цагдан хорих саналыг прокурорын зүгээс тавьсан. Тиймээс дараагийн хурал болох хүртэл М.Энхсайханыг хорихоор боллоо. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Саналаа ч хэлсэн. Прокуророос М.Энхсайханыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаа нь шүүхэд нөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь бидний талаас зарим гэрч, шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьсан. Үүнийг ч шүүх хүлээн авсан" гэж мэдээлж байв.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр З.Болдбаатар, З.Болдбаатар, Б.Батсайхан, улсын яллагчаар Г.Батбаяр, Г.Батсайхан нар оролцох бол өмгөөлөгчөөр Д.Оросоо, Г.Бат-Отгон, Ц.Эрдэнэбат нар,  гэрч шинчээжээр Л.Нямдорж зэрэг нэр бүхий хүмүүс оролцох тов гарчээ.

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.