ВИДЕО: Эрдмийн өргөө сургуулийн захирлын томилгоог эсэргүүцсэн багш нарын үймээн болжээ

ВИДЕО: Эрдмийн өргөө сургуулийн захирлын томилгоог эсэргүүцсэн багш нарын үймээн болжээ

Өнгөрсөн сарын 01-ны өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал З.Байгалмааг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тус шийдвэрт Эрдмийн өргөө сургуулийн багш нар дургүйцлээ илэрхийлж эсэргүүцсээр байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр тус сургуулийн шинэ захирал албан тушаалаа авахаар очиход багш нар нь эсэргүүцэж бужигнаан үүсгэжээ. Тиймээс Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нөхцөл байдал дээр очиж багш нарыг тараасан байна. 

Засаг дарга С.Одонтуяа энэ үеэр "Дүүргийн удирдлагад мэдэгдэхгүйгээр онцгой нөхцөл байдлын үед сургууль бужигнуулж болохгүй. Чоно борооноор гэдэг шиг онцгой байдлын үед ийм асуудал гаргаж болохгүй. Яам, нийслэлийн боловсролын газар, эрүүл мэндийн газраас хууль бусаар томилогдсон дарга нар шүүхийн шийдвэрээр ажлаа өгч байгаа. Дээрээс нь энэ багшийг хууль бусаар халсан гэж үзээд шүүхэд хандаад явж байна. Улстөржсөн томилгоог би эсэргүүцнэ. 

Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл 260 ажилтан З.Байгалмаа даргатайгаа ажиллана гэсэн өргөдөл, гомдол гаргасан. Баянголын эмнэлгийн бүх эмч нарыг халж эрүүл мэндийн байгууллагаар тоглосон. Одоо боловсролын салбарыг тоглоод дуусч байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Яамныхан явцгаа. Халдварын үед ийм нөхцөл байдал үүсгэж болохгүй. Шүүхээрээ явъя. Шүүхийн шийдвэр гараад эхнээсээ хүмүүс нь ажилдаа орно. Тэгэхгүй бол хөл, хориотой үед бужигнаж болохгүй. Ажлын доголдол гаргасан багш бол халж болно. Харин улсад арга зүй, ажлаараа тэргүүлдэг багшийг халах гээд байгааг зөвшөөрөхгүй" гэсэн юм.