Энэ сарын 25-нд У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах сайд нар хэн бэ

Энэ сарын 25-нд У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах сайд нар хэн бэ

Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ энэ сарын 25 /2020.05.25/-ны өдрөөс мөрдөгдөж, Засгийн газар гишүүд энэ өдөр “давхар дээл”-ээ тайлна.

Учир нь ҮХНӨ-ийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Иймд Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох ёстой. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын бүтцийн асуудлыг МАН-ыхан дотроо ярьж, тохирч эхэлсэн гэх мэдээлэл байна.

-Ч.УЛААН, Б.ЭНХ-АМГАЛАН, Ц.НЯМДОРЖ НАРЫГ САЙДЫН АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ-

Одоогийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй (УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашдаг) байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд 15 сайд багтдаг. ҮХНӨ-ийн дагуу тэдний дөрөв хүртэлх сайд л давхар дээлтэй байж болох учир 11 болон түүнээс дээш сайдын албан тушаалаа өгнө. Иймд Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдээс бус гаднаас бүрдүүлэх тул сайдын суудлаас хэн нь түрүүлж буух вэ гэдэг яриа хөшигний цаана яригдаж эхэлжээ.

Ингээд салбар хариуцсан сайд нараас хамгийн түрүүнд ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй хэл ам тасрахаа байсан яамдын сайд нарыг чөлөөлнө гэх мэдээлэл байна.

Тухайлбал, “Ноолуур”-ыг 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдээд ноолуурын ханшийг унагасан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хамгийн түрүүнд албан тушаалаа өгөх нь тодорхой болсон гэх мэдээлэл байна. Өмнө нь тэрээр махны үнэ өсвөл “толгойгоор”-оо хариуцна гэж мэдэгдсэн ч махны үнийг өсгөөд алдчихсан удаа бий. Гэсэн ч тэрээр хариуцлага хүлээлгүй өнгөрч байсан.  

Мөн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг албан тушаалаас нь чөлөөлж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь тэрээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг богино хугацаанд барьж дуусгана гэсэн ч тус зам өнөөдрийг хүртэл дуусаагүй, иргэд эд хөрөнгөөрөө хохирох болсон. Цаашлаад Дарханы замын хохирогчдын холбоо байгуулагдаж иргэдийн эсэргүүцэл хүчтэй өрнөж байгаа билээ. Мөн 2019 онд МАН-ын томоохон амлалт болох Дарханы замыг сайжруулах төслийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх очиж тууз хайчилж байсныг нь иргэд мартаагүй.

Нэмж хэлэхэд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг насаараа шахам хашиж байгаа Ц.Нямдорж сайд тавдугаар сарын 25-нд явах сайд нарын жагсаалтад бичигдсэн гэх мэдээлэл байна.  Учир нь тэрээр ҮХНӨ хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор УИХ-аас Засгийн газарт “давхар дээл”-ээ тайлах хуулийг боловсруулж ирүүлэх үүрэг даалгавар Хууль зүйн сайдад ирчихсэн байхад гар бие оролцоогүй нь шалтгаан болж байж болзошгүй байна.

Товчхондоо, Хууль зүйн бодлогыг Монгол Улсын хэмжээнд хариуцдаг, эрхзүйн шинэтгэлийн бодлогыг Засгийн газрын тухай хуулийн дагуу хариуцаж байгаагийн хувьд Хууль зүйн сайд Ц.Нямдорж Засгийн газраа чадамжгүй болохуйц хэмжээнд хүргэж буй гол буруутан нь болж байж болзошгүй. Мөн Эрдэнэт үйлдвэрт түүний хүү Н.Анхбаяр шахаа хийсэн, тэрээр өөрөө сайд болоод үнэтэй автомашин улсын мөнгөөр авсан зэрэг олон асуудлуудад нэрээ сэвтүүлчихсэн нэгэн.

Нөгөөтэй Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр “Хуулийн салбарыг толгойлдог хүн нь өөрөө хууль бус үйлдэл хийгээд байсныг ард иргэд яриад эхлэхээр хууль хэрэгжихээ больдог. Хуульд итгэхгүй байдал бий болдог. Тийм учраас Ц.Нямдорж сайдтай холбоотой мэдээллийг нэг мөр шалгах, тогтоох байгууллага нь ҮАБЗ байж болох юм” гэж ярьсан удаа бий. 

-ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОРОНД МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН ТОМИЛОГДОХ УУ-

Энэ Засгийн газраас үлдэх гэхээсээ явах сайд нар олон. Үүнтэй зэрэгцээд явуулах сайд нарын оронд ирэхийг “мөрөөдөгсөд”-ийн цуваа бас бий. Харин МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалдаа үлдэх нь тодорхой. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь хамгийн түрүүнд “давхар дээл”-ээ тайлж мэдэх юм. Түүний оронд МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн нэр яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Мөн Засгийн газар дээр кабинетийн бусад сайд нараа ерөнхий чиг үүргийн болоод чиглэлийн яамдынх гэж хуваах санаачилга яригджээ.

Коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарч манай улсад Ковидын тухай хууль батлагдсантай холбоотойгоор шинэ Засгийн газар бүтцэд багагүй өөрчлөлт орох юм байна. Иймд “Давхар дээл”-ээ тайлахгүй сайд нарын тоонд Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг үлдээхээр тохиролцсон гэх яриа бий.

Гаднаас сайд нарыг оруулж ирэхийн зэрэгцээгээр тухайн яамдын дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын чадварыг харж хавсран үүрэг гүйцэтгүүлэх нь олон нийтэд зөв харагдана гэсэн шийдэл мөн яригдаж байгаа аж. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бий гэдэг. Хэрэв Засгийн газар энэ сарын 25-нд “давхар дээл”-ээ тайлбахгүй бол ямар ч хуульч, иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Засгийн газрын бүх шийдвэр тогтоомжийг чадамжгүй байх эсэх асуудлыг хөндөх эрсдэл байгаа юм. Иймээс МАН хүссэн, эс хүссэн ч Засгийн газраа цоо шинээр эмхлэн байгуулах нь гарцаагүй. МАН ҮХНӨ-ийг олонхоороо өөрсдөө баталж өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хөөр баяр болон тэмдэглэж өнгөрүүлсэн. Ямартай ч тэд олонхоороо баталсан ҮХНӨ-ийг дагаж мөрдөх үү эс мөрдөх үү гэдгийг иргэд чих тавин хүлээж суугаа байх.

Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцэдээ өөрчлөлт оруулах нь зөв үү?

Нийт: 121 саналтай