АНУ-ын эрх баригчид коронавирусийг ашиглан Хятадыг буруутгах үйл ажиллагаа явуулж байна гэв

АНУ-ын эрх баригчид коронавирусийг ашиглан Хятадыг буруутгах үйл ажиллагаа явуулж байна гэв

Коронавируст цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг тэр чигээрээ доройтож буй энэ үед Цагаан ордон болон ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн тархалтыг барьж чадаагүй хэмээн Хятадыг буруутгах нь нэмэгдсээр байна. Түүнчлэн бусад холбоотнуудаа ч мөн уриалж эхлээд байгаа талаар CNN мэдээлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Дональд Трамп болон Цагаан хэд хэдэн өндөр албан тушаалтнууд гадаадын бусад холбоотнуудтайгаа Хятад улс хэрхэн вирусийн талаар үнэнийг нуун дарагдуулах гэж оролдсон бэ гэх асуудлыг хамтын байдлаар шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн. Мөн Бээжинтэй эдийн засгийн хувьд илүү зөөлөн харилцааг эрхэмлэдэг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Хятадтай харьцахдаа хатуу байр суурь баримталж эхэлсэн байна.

Цагаан ордонд яригдаж буй хариу арга хэмжээнүүдийн дунд Хятадын бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулах, Хятадыг бүрэн эрхт халдашгүй байдалд нөлөөлөх, цаашлаад Хятадын харилцаа холбооны компаниудын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого нуугдаж буй гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин албаны хүмүүс үүнийг үгүйсгэж байгаа юм.

Трампад зөвлөж байгаа гол хүн нь түүний ойрын зөвлөх, хүргэн Жаред Кушнер юм. Шинжээчдийн үзэж буйгаар Кушнерийн гол санаа нь цартахлын хариуцлагыг Хятадад тохсоноор Трампын байр суурийг хамгаална гэж үзэж байгаа аж.

-ГЭСЭН Ч ТРАМП ХУВИЙН ХАРИЛЦААНДАА БОЛГООМЖТОЙ
ХАНДАЖ БАЙНА-

Трамп Хятадын эсрэг мэдэгдэл хийсээр байгаа ч тус улсын тэргүүн Ши Жинпиньтэй хувийн харилцаагаа сүйтгэхээс болгоомжилж, түүнийг шууд шүүмжлэлгүй тойрсоор байна. Трампын бизнесийн зарим түншүүд нь түүнд Хятадын эсрэг арга хэмжээ авах нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд хохирол учруулж болзошгүйг анхааруулсан аж.

Өнгөрсөн сард АНУ даяар явуулсан санал асуулгаар Америкчуудын гуравны хоёр нь Хятадын талаар таагүй үзэл бодолтой байдаг гэх үр дүн гарчээ. Ялангуяа Бүгд Найрамдахчуудын хамгийн найдвар тээж буйг тэрээр улстөрийн зорилго болгон ашиглаж байна. Харин Хятад бол ардчилсан бус, улс орон нь удирдагчдынхаа хяналтанд байдаг нэгдмэл, зан чанартай улс орон.

Энэ эсрэг тэсрэг хоёр гүрэн нэг замаар алхахгүй нь тодорхой болсон талаар мэргэжилтнүүд хэлж байна.

-ХЭН ТҮРҮҮЛЖ ВАКЦИН БҮТЭЭСЭН  НЬ НӨЛӨӨГӨӨ ТОГТООНО-

 

Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд АНУ, Хятад улсууд өрсөлдөж байна гэж хэлж болно.

Судлаачдын үзэж байгаагаар хэн түрүүлж вакцин бүтээсэн нь геополитикийн томоохон ялалт байгуулах гэнэ.

АНУ-ын засгийн газрын хүнс, эмний асуудал хариуцсан албан тушаалтан асан доктор Скотт Готтлиб хэдхэн өдрийн өмнө “The Wall Street Journal” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ Хятад улсын вакцин бүтээх ажил маш хурдтай хэрэгжиж байгааг дурдаад “Барианд эхэлж орсон улс эдийн засгаа түрүүлэн сэргээж, дэлхийд нөлөөгөө тогтоож чадна. АНУ дэд байранд орох эрсдэлтэй байна” гэж анхааруулжээ.

Хятадын эрх баригчид сүүлийн үед коронавирусийн цар тахлыг Ухань хотод тогтоож чадалгүй дэлхий дахинд тараасан гэсэн шүүмжлэлтэй тулгараад байна. Ялангуяа Дональд Трампын засаг захиргаа шүүмжлэлээ үүнд чиглүүлж, АНУ-д цар тахал дэгдээсэн бурууг Бээжинд тохохыг оролдож байгаа. Харин Covid-19 өвчний эсрэг вакцин бүтээж чадвал олон улсын тавцанд энэ муу нэрээ арилгах боломж нээгдэнэ гэж ажиглагчид үзэж байна.