ФОТО: Дундговь, ӨМӨЗО-ны Баяннуур хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдаа боллоо

ФОТО: Дундговь, ӨМӨЗО-ны Баяннуур хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдаа боллоо

БНХАУ, Монгол улс  хооронд  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Дундговь аймаг болон ӨМӨЗО орны Баяннуур аймаг анх удаа газар тариалан, хөдөө аж ахуй, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвөлгөөнийг 2019.06.11-2019.06.13-ны өдрүүдэд Мандалговь хотод хамтран зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаа нь хоёр орны үйлдвэрлэл эрхлэгчдийн цаашдын нягт хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаас гадна зөвхөн хоёр аймгийн бус Монгол, Хятад хоёр орны цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талаар хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой алхам билээ. Түүнээс гадна хоёр тал харилцан туршлага солилцож, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, түүнчлэн эдийн засагт жижиг дунд бизнесийн эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилготой юм.

Энд ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл 50 гаруй аж ахуйн нэгж оролцож газар тариалан, хөдөө аж ахуй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ технологи, арга барилаасаа хуваалцсан билээ. Ноолуурын гарцыг нэмэгдүүлэх тэжээл, эх малд сүү оруулах бэлдмэл, газар тариалангийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэт Баяннуурын брэнд болсон бүтээгдэхүүний дээжтэй Дундговийн ард иргэд танилцахаас зэрэгцээ өөрсдийн өрхийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулан туршлага солилцлоо.

Харин 2019.06.13-нд болсон зөвлөгөөнд Дундговь аймгийн Засаг даргаО.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Засгийн ордны дэд нарийн бичгийн дарга Д.Алтанчулуу, Баяннуур хотын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга Цолмон болон Баяннуурын үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбоодын удирдлагууд, хоёр талын бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож хоёр орны үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, цаашдын гарц шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Уулзалтын төгсгөлд хоёр тал гар урлал, уламжлалт анагаах ухаан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт харилцан туршлага солилцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн энэ зөвлөгөөний үеэр ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Монгол үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд худалдан борлуулах таатай нөхцлийг бүрдүүлэхээр боловсруулсан шийдлүүдийг танилцуулсныг энд онцлох нь зүйтэй. Баяннуур хотын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Д.Ариунжаргал өөрийн илтгэлдээ дурьдсан “Гүний гааль”, “Хятадын цахим худалдааны сайтаар дамжуулан Монгол үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдах” шийдлүүд нь манай  үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд таатай боломж билээ.

Энэ үйл ажиллагааны дүнд Дундговь аймгийн үйлдвэрлэгч “Зуут констракшн” ХХК, Баяннуур аймгийн үйлдвэртэй хамтран туршилт судалгаа хийж цаашид малын тэжээлийн үйлдвэрлэлд хамтран ажиллахаар болсон, мөн тээвэр, ложистикийн “MCPL” ХХК Дундговиос дахин 10 гаруй хүнийг сургалтанд хамруулж ажлын байраар ханган хамтран ажиллах гэрээг Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй байгууллаа.