Францад хүний наймаанд өртсөн гэх Монгол эмэгтэйг ЭСЯ хамгаалалтад авчээ

2020-05-11 13:37

Франц Улс дахь консул Монгол эмэгтэй хүний наймаанд өртөөгүй гэв

Франц улсын Марсель хотод амьдардаг монгол бүсгүй хар тамхинд хордож, бусдад зарагдсан тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдэж, тусламж хүссэн билээ. Тэр бээр “Хамт амьдарч байсан Молдав иргэн миний бичлэгийг порно сайтад зарж байсныг мэдсэн. Хоолонд маань хар тамхи хийж, хордуулаад, гэрийн хорионд байлгаж байна. Мөн нохойны хоолонд бас хар тамхи хийсэн. Бид хоёрын амь хутганы ирэн дээр ирлээ. Элчин сайдын яам амарсан, цагдаа тоохгүй байна. Хамтран амьдрагч маань “Чи аль хэдийн зарагдсан” гэж хэлээд хорьсон” гэж бичсэн юм. Харин энэ талаар Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны консул А.Нямбазараас тодруулахад “Олон нийтийн сүлжээгээр цацагдсан шиг асуудал болоогүй.

Тухайн эмэгтэй нь Франц улсад олон жил амьдарч байгаа юм билээ. Хамтран амьдрагчтайгаа маргалдсаны улмаас ийм асуудал үүссэн гэсэн. Хоолонд нь хар тамхи хийгээд, хорьчихсон зүйл байхгүй. Сэтгэл санааны хямралтай байх үедээ сэтгүүлч рүү мессеж бичиж, буруу ойлголт өгсөн гэсэн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Нарийн тодорхой мэдээлэл өгөх хүсэлтийг цагдаагийн газарт илгээсэн. Тухайн эмэгтэй өөрөө цагдаад гомдол гаргаад, хэргийг шалгуулж байгаа. Гэхдээ энд тухайн иргэн хэлсэн шигээ өөрөө юу болсон талаар байцаалт өгөхөөс татгалзах юм бол асууж, лавладаггүй. Хүнд нөхцөл байдалд орж, бусдад худалдагдсан зүйл байхгүй. Манай Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэй ханддаг. Гадаад, монгол гэлтгүй “Хамт амьдарч байгаа хүн маань намайг зодоод байна” гээд ханддаг гэлээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

2020-05-11 11:09

Францад хүний наймаанд өртсөн гэх Монгол эмэгтэйг ЭСЯ хамгаалалтад авчээ

Өнгөрсөн бямба гарагт Франц улсад буй нэгэн эмэгтэй монголын нэр бүхий сэтгүүлчээс тусламж хүссэн талаар харилцан яриа цахим орчинд тавигдсан.

Тус харилцан ярианд Франц улсад нэгэн монгол эмэгтэйн хамтран амьдрагч Молдав иргэн түүний бичлэгийг +18 сайтад борлуулж байсныг мэдсэн тул, тус эмэгтэйн хоолонд хар тамхи хийж гэрт нь хорьсон байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд ямар нэг хариу өгөөгүй учир тус эмэгтэй фейсбүүкээр Монголын сэтгүүлчид ханджээ. Тус сэтгүүлчийн таьсан мэдээллийн дагуу ГХЯ болон Франц дахь элчин сайдын яам ажиллаж эмэгтэйг хамгаалалтанд авсан байна. 

Сэтгүүлч эмэгтэй өөрийн фейсбүүк хуудастаа хамгийн сүүлд "Өчигдөр миний тавьсан постын мөрөөр нөгөө эмэгтэйг яасныг асуугаад, мөн намайг Франц дахь ЭЯС-тай холбосон хүн болон ЭЯС-ны хүмүүсийг байцааж шалгаагаад маш олон сайтууд хандаад байгаа юм байна. Нөгөө эмэгтэй сэтгэл санаа нь маш хүнд байдалд байгаа энэ үед нь мэдээлэх гэж яарахдаа бус зүгээр хүлээцтэй хандвал яасан юм бэ. Намайг бүр фэйсбүүк хаягийг нь өгсөнгүй, юун сүртэй юм гэж загнах ч хүн байна. Уучлаарай би сенсацилах байсан бол тэр Молдав иргэний бичиг баримт, зургийг оруулж болох л байсан. Өөр бусад асуудлыг нь дэлгэрэнгүй бичих л байсан. Надад тийм санаа биш, туслах л санаа байснаас өөр зүйл үгүй. Тэгээд Д.Цогтбаатар сайдад хандаж, сайд Франц руу үүрэг чиглэл өгч байж асуудлыг анхааралдаа авсан. Санаа амарсан.

Бас санаа зовсон хүмүүст дахин товчхон мэдээлэл хүргэсэн. Мөн Хуульч Ринзааны Булгамаа тай холбож өгсөн. Баримтуудыг нь дамжуулсан. Гэрийн хаягийг уран бүтээлч нэг ахаасаа олж мэдээд элчингийнхэнд явуулсан. Иргэний үүргээ л гүйцэтгэсэн. Гэтэл хүмүүс яасан ч муухай сэтгэгдэлүүд бичдэг юм. Ялангуяа эрчүүд... хүн өөрөө буруу замруу орж, алдсан байж болно. Тэглээ гээд амь нас нь хэцүү цаг үед байхад харсаар мэдсээр байж нүдээ аниад өнгөрөх байсан уу? Бид хүн байх чанараасаа хазайж яваагийн л жишээ байх. Худлаа мэдээлэл тараалаа гэх хүмүүс ч байв. Сонин сонин коментоос илүү санаа зовсон, сэтгэл тавьсан нь их байсанд цадсан. Одоо тэнд байгаа хүмүүсийг битгий илүү дутуу зүйл асууж зовоо. ЭСЯ арга хэмжээ авсан. Эргээд мэдээлнэ гэсэн. Тэр болтол нь хүлээгээч. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас болгоомжтой хандах хэрэгтэй байх" гэж мэдэгдсэн байна.