Б.Отгонтөгс: Хар жагсаалтад орсноор Европын улсуудын виз гарахад хүндрэл учирна

Б.Отгонтөгс: Хар жагсаалтад орсноор Европын улсуудын виз гарахад хүндрэл учирна

Европын холбооноос Монгол улсыг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Бид хар жагсаалтад орвол энгийн иргэд Европ руу зорчиход хүндрэлтэй болохоос гадна Засгийн газар гадны зах зээлээс санхүүжилт босгоход хүртэл асуудалтай тулгарах юм. Таны хүүхэд Европт сурахаар төлөвлөж байгаа, та өөрөө тус тивийн аль нэг улс руу очиж эмчлүүлэхээр зорьж байгаа бол бодит хүндрэлд өртөнө гэсэн үг.

Бид саарал болон хар жагсаалтад орсноор эдийн засагт орох өөрчлөлт, бодит байдал дээр иргэд болон аж, ахуй нэгжүүд хэрхэн хохирох талаар Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгстэй уулзаж ярилцлаа.

СОНСОХ:

-ЗАСГИЙН ГАЗАР ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛЭЭС 7 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОНД
БОСГОХ БАЙСАН БОЛ ОДОО БИДЭНД 8.9 ХУВИАР ӨГДӨГ БОЛНО.
ХОЁР ХУВИЙН ХҮҮГИЙН ЗӨРҮҮГ ТАТВАР
ТӨЛӨГЧИД НУРУУНДАА ҮҮРНЭ-

-Европын холбооноос манай улсыг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Хар жагсаалтад оруулж буй шалтгаанаа удахгүй олон нийтэд мэдэгдэх байх. Манай улс ямар шалтгаанаар энэ жагсаалтад орсон гэж эдийн засагчид харж байгаа вэ?

-Их олон шалтгаан бий гэж бодож байна. Мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн, төр төлөөлж ажиллаж буй дипломатууд хар тамхины наймаанд оролцсон зэрэг асуудлууд хар жагсаалтад оруулсан байх гэж харж байна. Төр энэ үйлдэлд хариуцлага тооцож, арга хэмжээ авсан тухай тайлангаа тухай бүрт нь хүргүүлэх байсан. Мөн холбогдох хууль журамдаа өөрчлөлт оруулсан зэргийг нь Европын холбооноос харсан байх. Дээрх ажлууд хийгдэхгүй байхыг хараад л журмынхаа дагуу хар жагсаалтад оруулсан байх гэж бодож байна. Хойд Солонгосын иргэдийг ажиллуулж цалинжуулсан нь терроризмыг санхүүжүүлсэн гэж үзэхэд хүргэнэ. Мөн хүмүүс “Бид юу гэж мөнгө угаах билээ. Бид 10 тэрбумын л доллартой улс шүү дээ” гэж ярьдаг. Гэтэл мөнгө угаалт бол их энгийн, нарийн байдаг. Зураачийн зах зээл дээр 2-3 сая төгрөгөөр үнэлэгдэх зургийг 200-300 сая төгрөгөөр худалдаж авах зэргээр мөнгө угаадаг тохиолдол бий.

Гэхдээ Засгийн газар, Боловсролын яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй. Өдөр бүр биш юм аа гэхэд сард нэг удаа ядаж “Мөнгө угаалт гэж үүнийг хэлдэг. Болгоомжлох арга, хор уршиг” зэргийн талаар таниулж, танилцуулах байсан. Энэ мэт ажлуудыг хийгээгүй учраас хар жагсаалтад оруулсан байх гэж үзэж байна. Мөн хүний эрхийн чиглэлээр хэрхэн ажилласныг нь харсан байха. Учир нь Европын улсууд сүүлийн үед хүний эрх, байгаль орчин зэрэг өргөн сэдвийн хүрээнд ажилладаг болсон.

-Өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдөр ФАТФ-аас манай улсыг саарал жагсаалтад оруулахдаа дөрвөн ажлыг хийхийг “гэрийн даалгавар”-т өгсөн. Өөрөөр хэлбэл, таны сая хэлсэнчлэн терроризмтой тэмцэх тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг батлах, хар тамхи зөөвөрлөж, наймаалахгүй байх, оффшор, авилга албан тушаалтай холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэх зэргийг зөвлөсөн. Гэтэл манайхан дээрх ажлуудын алиныг ч хийсэнгүй. ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлээгүй учраас хар жагсаалтад оруулсан болов уу гэх таамаглал байна. Та энэ талаар байр, сууриа илэрхийлнэ үү?

-Энэ ажлуудыг сайн хийгээгүй байх гэж бодож байна. Тухайлбал, хуучны үнэт эдлэлийн худалдан авалт албан ёсоор гэрээ хэлцлээр хийгддэггүй. Энгийн жишээгээр хэлэхэд, хөөрөг, хурдан удмын адууны наймаа зэргийг зохицуулсан журам гараагүй байна. Хэрвээ санхүүгийн зохицуулах хорооноос журам гаргасан бол түүнийгээ хадгалаад байх бус иргэд, олон нийтэд тайлбарлах ёстой. Бүх газруудаар тараах ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаг МҮОНРТ-ээр нэвтрүүлэг болгох мэдээлэх ёстой. Хүмүүст хэлж байж л болохгүй үйл ажиллагаанаас татгалзуулна шүү дээ. Түүнээс хэн ч мэдэхгүй “аягүй мундаг” хурлаар журам гаргачих нь хангалтгүй. Түүнийгээ ажил хийсэн гэж дүгнэж байгаа бол эндүүрэл.

-Иргэдийн хувьд саарал болон хар жагсаалтын талаар төдийлөн сайн ойлголт, мэдлэггүй. Бид Европын холбооны хар жагсаалтад орсон нь эдийн засагт ямар бодит нөлөө, эрсдэл учруулах вэ. Цаашлаад иргэдийн амьдрал энэ шийдвэр яаж нөлөөлөх вэ?

-Бүх аж, ахуй нэгж, иргэд тэр бүү хэл манайхтай харилцдаг гадаадынханд хүртэл төвөгтэй байдал бий болно.

НЭГДҮГЭЭРТ, Засгийн газарт хүндрэл учирна. Хоёр сарын дараа Хятадын төв банканд своп хэлцлийн хоёр тэрбум долларын өрөө төлнө. Биднийг төлөвлөгөөгүй байх үед дэлхий дахинд коронавирус гэх айхтар өвчин гарчихлаа. Цар тахлаас болж манай Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн нэмэлт мөнгө гаргаж иргэд рүү гээ чиглэсэн санхүүжилт хийж байна. Манай улсын төсөв хүнд байна. Ийм хүнд, хэцүү үед Хятадад төлөх хоёр тэрбумын доллар, 2021 он гараад төлөх Чингис бондын үндсэн төлбөр 1.5 тэрбум долларын өрийг төлөхөд хүндрэлтэй. Бид бэлэн мөнгөгүй байна. Бэлэн мөнгөтэй болохын тулд Засгийн газар бонд гаргах шаардлагатай болно. Гэтэл хар жагсаалтад орсонтой холбоотойгоор зээлжих эрх муудна. Олон улсын зах зээлд мөнгө нь бол бий. Гэтэл зээлжих эрхийн зэрэглэл буурсан, хар жагсаалтад орсон учраас дэлхийн санхүүгийн зах зээл манай бондыг худалдаж авахдаа илүү л судална гэсэн үг. Зээлдэгчдэд эрсдэлтэй учраас зээлийн хүүгээ өсгөнө, 7 хувиар бонд босгох байсан бол 8.7-9 хувь болгоно л гэсэн үг. Тэгэхээр хоёр хувийн зөрүү бол маш их. Тэр мөнгийг татвар төлөгч бид нар л төлнө. Тэр хоёр хувийн нэмэгдэл хар жагсаалтад орсны л хар гай. Нэмэлт зардал, эрсдэл, өртөг болж татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ.

ХОЁРДУГААРТ,  идэвхтэй ажиллаж буй 60 мянган аж, ахуй нэгжийн арван хувь буюу 6000 аж, ахуй Европын холбооны улсуудтай хамтын ажиллагааны гэрээтэй. Европын холбооны улсуудаас тодорхой хэмжээний бараа экспортолдог мөн өөрсдөө импортолдог. Ноолуураас эхлээд импортолдог бараа бий шүү дээ. Ингээд хар жагсаалтад орчихоор нөгөө аж, ахуй нэгжүүд маань гэрээ хэлцэл хийх, эдийн засгийн тооцоолол хийхэд хүндрэлтэй болно. Жишээ хэлэхэд, ноолуураа ачуулчихсан байдаг түүний дараа төлбөрөө авах гэхээр удааширна. Манай улс хар жагсаалтад орвол аж, ахуй нэгжүүдийн шууд харьцдаг байсан банкны тоо буурна гэсэн үг. Хоёр, гурван банкаар дамжуулж төлбөрөө хийнэ гэсэн үг юм. Нэг аж, ахуй нэгж ганцхан гадны банкаар дамжуулан үйлчлүүлж 30 евро төлдөг байсан бол одоо хоёр болон гурван банкаар дамжуулан гүйлгээ хийж 90 евро төлдөг болох нь. Аж, ахуй нэгжүүдийн гүйлгээний хэлцлийн зардал нэмэгдэнэ. Хэлцлийн зардал нэмэгдэхээр нэг бус гурван банкаар дамжуулан гүйлгээ хийдэг болно гэсэн үг юм. Энэ нь цаанаа хугацаа алдах зэрэг маш олон төвөгтэй байдал бий болгоно. Цаашлаад Худалдаа хөгжлийн банк, Голомт банк зэрэг арилжааны банкууд мөн бонд гаргахад төвөгтэй болох юм. Манай улсад хэрэгтэй зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт. Ингэж байж валютын урсгал сайжирч,төгрөгийн ханш чангарна.

-ОЮУТНУУДАД ОЛГОХ ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ БУУРНА-

ГУРАВДУГААРТ, хувь иргэдэд нөлөөлнө. 1990 оноос хойш монголчууд Европын холбоотой гүн гүнзгий холбоотой харилцаатай байж ирсэн. Хүмүүс ажиллаж, сурч байна. Маш олон монгол оюутан Европт сурч байгаа. Тэр хүмүүсийн бүх төрлийн зардлын гүйлгээний хураамж нэмэгдэнэ. Би багш хүн учраас оюутнуудаар жишээ аваад байна. Европын холбоо 1991 оноос хойш манай улсыг онцгойлон авч үзсэн. Ялангуяа эдийн засаг, эрх зүй, инженерийн боловсрол эзэмшихэд тэтгэлгийг маш боломжийн хүрээнд олгодог. Гэтэл тэр тэтгэлгийн хэмжээ буурна. Тэд Европын холбооны улсуудын татвар төлөгчдийн мөнгийг хар жагсаалттай улс руу оруулахгүй гэнэ. Тэгэхээр гэмгүй хүмүүс тэтгэлэг авахад хүндрэлтэй болно. Цаашлаад Европ руу явж шинжилгээ өгөх гэж буй, эмчлүүлэх гэж буй иргэдэд бодит хүндрэлтэй. Өмнө нь их хурдан хариу өгч, шийдвэрлэдэг байсан бол одоо судалж үзнэ.

-Европын улсуудын виз авахад хүртэл хүндрэлтэй болох нь ээ?

-Бас л дээрх хүндрэл учирна. Хамгийн энгийндээ хар жагсаалтад орсон улсын иргэнд виз өгөхдөө анхаарна биз дээ. Бид визэд орохдоо 10 материал бүрдүүлдэг байсан бол 15 материал бүрдүүлдэг болно. Дахиад л хэлцлийн зардал нэмэгдэнэ. Бүгд виз авч чадахаа болих ч юм билүү. Ногоон паспорттай төрийн албан хаагчид явчихдаг л юм байгаа биз. Гэтэл энгийн иргэд яах билээ. Хүүхдүүдийнхээ хуриманд, төгсөлтийн баярт очихоор Европыг зорих гэж буй иргэдэд хүндрэл учирна шүү дээ, хамгийн наад захын жишээ.

-Энэ бүхэнд буруу бодлого хэрэгжүүлсэн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой юу?

-Энэ бол иргэд, аж ахуй нэгжийн буруу огт биш. Төрийн л хийх ёстой ажил. Бүх зүйл хугацаатай. Тийм учраас бид нарыг төлөөлж төрийн шийдвэрийг гаргаж буй хүмүүс ажлаа хийх хэрэгтэй. Европын холбооноос шаардсан тайланг хугацаанд нь тавьж, явуулж байх ёстой. Хийж буй ажлаа иргэддээ мэдэгдэх хэрэгтэй. Ингэж байж л нийгэм урагшилна.

Би л гэхэд Англид болох олон улсын эрдэм шинжилгээний хуралд явахаар виз мэдүүлэхэд нэмэлт материалууд шаардаж байна. Хурлын төлбөрт 40 фаунт төлөх гэхэд дахин 40 евроны зардал гаргах гэж байна. Худалдаа хөгжлийн банк 2-3 банкаар дамждаг болсон байна. Ингээд визээ авах ч юм уу бүү мэд. Би МУИС-ийн доктор, профессор хүн. Ийм байхад л виз өгөхгүй шинжтэй болж байна. Тэгэхээр бусад иргэнд яах нь тодорхой байна. Үүнд бухимдаж байгаа юм.

-ЯАРАЛТАЙ САЛБАР ДУНДЫН АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ АЖИЛЛАХ
ХЭРЭГТЭЙ. ЕСДҮГЭЭР САР ГЭХЭД ХАР ЖАГСААЛТААС
ГАРЧИХСАН БАЙМААР БАЙНА-

-Төр Засгийн зүгээс яаралтай ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-ЗГХЭГ, Төв банк, Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хороо яаралтай салбар дундын ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Саарал, хар жагсаалтаас гарах ажлын хэсэг гаргах ёстой гэсэн үг юм. Энэ ажлын хэсэгт эрх зүйчид, эдийн засагчид, олон улсын харилцааны мэргэжилтнүүд, санхүүгийн нарийн мэргэжилтнүүд орж ажиллах ёстой юм. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэл рүү ажиллахаа мартаж болохгүй. Ер нь есдүгээр сарын 01-ны өдөр гэхэд хар жагсаалтаас гарчихсан баймаар байна. Учир нь есдүгээр сард эдийн засаг идэвхждэг. Оюутнууд эхнээсээ гадагшаа, дотогшоо явж эхэлнэ.

-Мөн бид саарал болон хар жагсаалттай зэрэгцээд халамжийн бодлогоо гүнзгийрүүлж байна. Тухайлбал, халамжийн хэлбэрээр бэлэн мөнгө их тарааж байна. Энэ хэр зөв бодлого вэ?

-2018 онд хийсэн судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан. 2020 оны гурав, дөрөвдүгээр сар бол коронавирустэй холбоотойгоор ажилгүйдэл ихэссэн, эдийн засгийн идэвхжил зогссон үе. Тэгэхээр ядууралтай 28-30 хувьд орж буй айлын 2-5 насны хүүхэд цэцэрлэгтээ явж чадахгүйгээс болж өдөрт гурван удаа халуун хоол идэж чадахгүй байна гэсэн үг. Бид 2020 онд ядуурлын түвшинг хэмжээгүй байна. Удахгүй хэмжих байх. Ядуурлын түвшин 35-36 хувь хүрсэн ч байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр ядуу өрхүүдэд амьдарч буй хүүхэд өдөрт авах 2000 калори шим тэжээлийг хоолноосоо авч чадахгүй байна. Нийт нэг сая хүүхдийн 37-38 орчим хувь нь ядуу амьдарч байгаа. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Үндэсний статистикийн газрын 2019 онд хэмжсэн хүүхдийн ядуурлын судалгаагаар 10 хүүхдийн дөрөв нь хоол, тэжээлийн дутагдалтай байна. Бүр өлсөж байгаа юм биш гэхдээ шим тэжээлээ авч чадахгүй байна.

Хүүхэд өсөх насандаа шим тэжээлээ авч чадахгүй бол өсөлт нь зогсдог. Хүүхдийн өсөлт зогсвол тархины үйл ажиллагаанд нь нөлөөлдөг. Шим тэжээлийг дутуу авч ирсэн хүүхэд сургуульд орохоороо ой тогтоолтын түвшин нь буурсан үзүүлэлттэй гардаг. Шим тэжээл хэвийн авч байсан хүүхэдтэй харьцуулахад хичээлдээ сурах ур чадвар нь буурсан, багассан байдаг. Тэд амжилттай сурдаггүй. Тэгээд сурлага муутай хүүхдүүдийн тоонд ордог байх нь. Энэ биологийн шалтгаан.

Энэ байдлыг Монгол улсад гаргамааргүй байна. Сая хүүхдийн мөнгийг нэмж 100 мянган төгрөг болгосон. Гурван хүүхэдтэй айлаар жишээ авахад сард баталгаатай 300 мянган төгрөг орж ирэх нь. Тухайн айл хүнсээ хангалттай авах мөнгө. Тэгсэн тэгээгүй ямаанд 20 мянган төгрөг өгч байгаа шүү дээ.

Халамжийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Коронавирусийг ингэж л давна. Гэхдээ үүний хажуугаар хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. Төрийн байгууллагууд хариуцлагаа нэмэгдүүлэх ёстой.

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.