Монголын сагсчид Азийн оюутны аварга багаар шалгарав

Монголын сагсчид Азийн оюутны аварга багаар шалгарав

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваны Кинмень хотод өчигдөр /2019.05.11/ өндөрлөлөө. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонгконг, Макао, Малайз, Филиппин болон Индонез, Монголын их сургуулийн багууд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Дөрвөн хоног үргэлжилсэн тэмцээний дүн өчигдөр гарч Монгол Улсын баг аваргын алтан медалыг хүртсэн бол Тайваны баг мөнгөн медалын эзэд болсон юм.

Эх орноо төлөөлөн оролцсон “Мон-Алтиус” Биеийн тамирын дээд сургуулийн баг хэсэгтээ Малайз, Хонгконг, БНСУ-ын багуудыг хожиж, хэсэгтээ Тайванийн багийн араас хоёрдугаар байраар шалгарч медалын төлөө өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар өчигдөр болсон хагас шигшээд тоглолтод Индонез /18:17/, Тайванийн /20:12/ багийг дараалан хожиж, Ази тивийн оюутны аварга боллоо.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан бол дасгалжуулагчаар А.Тулга ажилласан байна. Манай залуус бүгд энэ жил 19 настай бөгөөд тэд ах залуустай өрсөлдөж, ялалт байгуулжээ. Азийн оюутны тэмцээн нас заадаг бөгөөд 18-24 насны тамирчид өрсөлддөг байна.

Монголын эмэгтэй баг Иран, Хонгконг, Тайвань, БНХАУ-ын багтай ”А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгээс Иран, Тайванийн баг цааш өрсөлдөх эрхийг авчээ. Эмэгтэй багуудаас талбайн эзэд болох тайваньчууд түрүүлж, Ираны баг мөнгөн медаль хүртжээ.

Монгол Улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр удаа аварга болсон бол нэг удаа дэд аварга, нэг удаа хүрэл медалын эзэд болсон байна. Энэ жил А.Тулга дасгалжуулагчтай багийн залуус Тайваньд шилдэг тоглолтуудыг үзүүлж, тивийн оюутны аварга болсон бахдам амжилтыг үзүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ausf.org/Detail.aspx?kind=2&pk=361 сайтаас аваарай.

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө