Бургастай боомтоор төмрийн хүдэр экспортолно

Бургастай боомтоор төмрийн хүдэр экспортолно

Улсын Онцгой комиссоос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу "Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах" тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээлээ.

Боомт нээсэнтэй холбогдон БНХАУ-ын ачаа тээврийн жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналтын дор нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт тус тус даалгалаа.

“Алтайн хүдэр” ХХК-ийн уурхай сар бүр Говь-Алтай, Ховд аймгийн 38 иргэн, аж ахуйн нэгжүүдээс 8,6 тонн мах, 560 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 11,7 тонн хүнсний ногоо зэрэг ахуйн хангамжийн бараа материалын худалдан авалт хийж, уурхайчдын хоол хүнсэнд ашигладаг байна. Мөн дээрх орон нутгийн ханган нийлүүлэгч жижиг, дунд үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сард 152,0 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлдэг бөгөөд тус боомт нээгдсэнээр уурхай ажиллаж, улмаар экспорт сэргэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх ач холбогдолтой юм.

Говь-Алтай аймгийн Цээл сум дахь Бургастай боомтоор "Алтайн хүдэр" ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, Улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг орон нутгйин төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.