Ө.Шижир: Хөлбөмбөгийн спортод  төр ямар ч дэмжлэг үзүүлдэггүй, харин ч өндөр татвар авдаг

Ө.Шижир: Хөлбөмбөгийн спортод  төр ямар ч дэмжлэг үзүүлдэггүй, харин ч өндөр татвар авдаг

Түүхэн амжилт үзүүлж, зорилгынхоо төлөө нэгдэж чадсан Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан эх орондоо ирээд удаагүй байна. Бид энэ үеэр Монголын хөлбөмбөгийн холбоог зорьж, тэдний үзүүлсэн түүхэн амжилт, амжилтад хүрэхэд хэрхэн хөдөлмөрлөсөн болоод баг тамирчдын зардал, санхүүг төдийгөөс өдийг хүртэл хэрхэн зохицуулж ирсэн зэрэг сэдвүүдээр Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийг “Move On” буландаа урин ярилцлаа. Ө.Шижир нь мөн Азийн хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн хорооны гишүүнээр давхар ажилладаг.

ТАМИРЧДЫН МААНЬ ХҮСЭЛ, ЗОРИЛГО ИЛҮҮ БАЙЛАА

-Түүхэн амжилтын дараа хөшигний ард баг тамирчдын сэтгэл хөдлөл ямар байсан талаар яриагаа эхлүүлье.

-Тамирчид тоглолтын эцсийн шүгэл үлээсний дараа бүгд маш их баярласан, уйлцгаасан. Тоглолтын дараа хувцас солих өрөөнд манай шигшээ багийн тамирчин Б.Гарьдмагнай зодог тайлахаа мэдэгдэж, тамирчиддаа хэлэхэд бүгд л чимээгүй уйлж байлаа. Энэ бас л түүх. Тоглолтын дараах баг хамт олны уур амьсгал үнэхээр сайхан байсан. Бид энэ уур амьсгалыг багахан бичлэг болгон хадгалснаа тун удахгүй бэлдэж хөлбөмбөг сонирхогч хөгжөөн дэмжигч нартаа үзүүлэх  болно. Амжилтыг дагаж сайхан зүйл бий болдог, түүний л үр дүн.

-Зарим уншигчид маань уг амжилтыг яагаад түүхэн үйл явдал гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байж болох. Та дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?    

-Энэ тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ-ий болон ААШТ-ий тэмцээний урьдчилсан шат, сонгон шалгаруулах тэмцээн. Үндсэндээ Катар 2022 гэж ДАШТ болж байгаа ч тэнд шигшээ 32 баг л тоглож байгаа шүү дээ. Харин түүнд орохын төлөө дөрвөн жилийн турш Олон улсын Хөлбөмбөгийн холбооны тэмцээнүүд үргэлжилдэг. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2015 онд манай улс Зүүн Тимор улстай тоглон хожигдож, яг энэ тэмцээнээс хасагдаж байсан. Хасагдсаны дүнд манай хөлбөмбөгийн холбоо энэ тоглолтыг хүртэл Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй томоохон олон улсын тэмцээн уралдаангүй байлаа. Олон улсын тэмцээн уралдаангүй учраас наад зах нь тамирчдын байнгын албан ёсны тэмцээн уралдаанд, нөхөрсөг тоглолт хийх зарим зохион байгуулагдаж буй тэмцээн уралдаад шигшээ багаа оруулах гээд л зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлүүд үүсдэг. Харин одоо энэ асуудлаа бид нэг талаас шийдэж байна. Өнгөрсөн хугацаад Олон Улсын хөлбөмбөгийн тоглолтын өдөр буюу FIFA DAY’s -г ашиглахын тулд хэдэн хэдэн удаагийн албан ёсны нөхөрсөг тоглолтуудын зохион байгууллаа.  Нөгөөтэйгүүр, ДАШТ-ий урьдчилсан шат нь ААШТ-ий урьдчилсан шаттай давхар явдаг тул цаашид хоёр жилийн хугацаанд олон улсын тоглолтын өдрүүдээр байнгын тоглолттой байх боломж бүрдлээ. Энэ зорилгыг биелүүлэхийн төлөө, энэ амжилтад хүрэхийн төлөө өнөөдрийн энэ шатанд гарахын төлөө Монголын Хөлбөмбөгийн холбоо 2016 оноос хойш Шигшээ багаа дэмжих хөтөлбөр боловсруулж, анхаарал тавьж, ач холбогдол өгөн ажилласан. Үүний хүрээнд тодорхой хэмжээнд үр дүн гарсан болов уу. Мэдээж тамирчдын маань хүчин чармайлт, клуб багуудын багш дасгалуулагч нарын үр дүн, идэвх санаачилга, хүсэл мөрөөдөл, зорилго нь илүү байлаа. Тэд талбай дээр байж болох бүх хүчээ гаргаж чадлаа. Холбооны хувьд хийх ёстойгоо, бусад улсын хөлбөмбөгийн холбоо юу хийдэг түүнийгээ л хийсэн. Энэ бол тэдний өмнө хүлээсэн хариуцлага. Энэ бөмбөг олон талтаас бүрдэж байгаа шиг тамирчид, холбоо, дасгалжуулагчид, албаны хүмүүс, мөнгө санхүү гээд маш олон зүйлийн нэгдэл байлаа.

-Брунейн баг хэр хүчтэй өрсөлдөгч байв аа?

-Муу баг биш шүү дээ. Манайхан мэдэхгүй ч бодит байдал дээр эдийн засгийн хөгжлөөрөө ч тэр, төр засгаас нь энэ спортод хандаж, дэмжиж байгаагаа ч тэр тэд биднээс хавь илүү. Энэ бүх үзүүлэлтээр Монгол улс сүүл мушгидаг гэж хэлж болно. Манай улсын төр засаг дэмждэггүй, юунд ч оролцдоггүй. Гэтэл Брунейн шигшээ багийг хаан нь ивээлдээ авдаг, үндэсний шигшээ багийн 23 тоглогч нь яг сая тоглосон багаараа Сингапурын дээд лигт тоглодог, одоо Сингапурын лигт тэргүүлж байгаа, сайн баг. Манай тамирчид эх орондоо тоглосон тоглолтод гайхалтай тоглосон.

ЯМАР Ч СПОРТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГГҮЙГЭЭР, ДАН САЙХАН СЭТГЭЛЭЭР УРАГШЛАХГҮЙ

-Тоглолтонд тамирчид яг нэг сарын өмнөөс бэлтгэлээ чангаруулсан гэв үү? Гэсэн ч мэдээж өмнөх олон жилүүдийн хөдөлмөрөө сая шалгуулсан үйл явдал боллоо. Багийнхан бэлтгэлээ хэрхэн, ямар хуваарийн дагуу хийж байсан бэ? Үзэгчид бидний хувьд зөвхөн тоглолтоо л үздэгээс өмнө нь тамирчид, холбооныхон яаж хичээж энэ амжилтад хүрснийг төдийлөн мэддэггүй.

-Ганц сарын бэлтгэл гэж үгүй. Өмнө хэлсэнчлэн, бид 2016 оноос эхлээд шигшээ багтаа арай илүү анхаарсан. Учир нь бидний зорилго энэ тоглолтонд буюу 2019 оны ДАШТ, ААШТ-ий урьдчилсан шатанд гарах байлаа. Энэ шатанд гараад хэсгийн тоглолтод орох. Бид хэрэв хэсгийн тоглолтод орчихвол Азийн эхний найман улстай нэг хэсэгт орно. Магадгүй бид ДАШТ-т Япон, Австрали, Солонгостой таарах магадлал өндөртэй. Солонгостой таарвал, энд нэг тоглолт, Солонгост бас нэг тоглолт хийнэ. Ахиад өөр улстай гэх мэтээр нийт найман тоглолт албан ёсоор хийнэ. Хоёрдугаарт, тамирчид гурван жилийн хугацаанд тогтмол тоглолт, бэлтгэлтэй явна. Мэдээж лиг үргэлжилж байх хугацаанд баг бүрээс сайн тоглогчдыг нь аваад зөвхөн шигшээгийн бэлтгэлд хамруулаад багийнх нь бэлтгэл хамруулахгүй байна гэдэг хэцүү. Гэвч тогмол цугларалтанд дуудна. Яг лигийг завсарлуулаад явсан бэлтгэл сүүлийн нэг сар юм. Энэ тэмцээнд зориулу тамирчидаа бэлтгэлжилт өндөртэй байлгахын тулд ч лигийн хуваарийг эрт эхлүүлсэн. Тоглолтын тоог илүү олон чанартай болгосон. Тийм болохоор энэ тэмцээний төлөө бэлдсэн бэлтгэл гурван жил. Энэ гурван жилийн хугацаанд олон улсын нөхөрсөг тоглолтууд, хамтарсан бэлтгэлүүдийг БНХАУ, Япон, Солонгос, Филиппин Тайландад ч хийлээ. Одоо лиг маань зургадугаар сарын 16,17-ны өдрүүдээс эхэлчихэж байгаа юм. Лиг үргэлжилж байна гэдэг чинь  нэг талаар тамирчдын бэлтгэл, байнгын форм.

Цугларалтад гарсан бэлтгэлийн хувьд маш шахуу хуваарьтай. Өдөрт хоёр бэлтгэлээс эхлээд, унтах цаг, хоол идэх цаг бүгд ахлах дасгалжуулагчийн гаргасан маш нарийн хуваариар явна. Энэ амжилт бол шигшээ багийн бэлтгэлд гарсан, хамрагдсан, дуудлаганд дуудагдсан бүх хүний амжилт. Яг гараанд гарсан 11, сэлгээний гурван тоглолгчийн л амжилт биш. Энэ тамирчдыг багаас бэлдсэн хөлбөмбөгт хайртай дуртай болгосон анхны багшаас авхуулаад өнөөдөр тоглож байгаа клуб, удирдлагууд дасгалжуулагчид арын албаныхан гээд л бүх хүний оролцоо бий.  Талбай дээр л 11 гүйгээд байгаа болохоос баг 23 тоглогчтой. Бэлтгэл хийхийн тулд 28-35 хүн байх болно. Энэ бүх хүний гурван жилийн ажлын үр дүн.

-Брунейн баг эзэн хааныхаа ивээлд байдаг тухай дурдсан. Тэр утгаараа бүх амьдралаа зөвхөн энэ спортдоо зориулах, зөвхөн тамирчны ажлаа хийгээд явах боломжтой. Манай шигшээ багийн тамирчид ч зах зухаасаа ийм боломжтой болж байгаа. Гэвч бүгд тийм байж чадаж байгаа юу? Эсвэл зарим нь ажил хийхийн хажуугаар шигшээ багт явж байгаа юу?

-Спортын амжилтыг манайхан маш хялбараар ойлгодог, аль ч спортыг тэр. Спорт гэдэг нэг талаар бизнес болж, бизнес нь санхүүгийн эргэлтэд орж байна. Ажил хийгээд цалин авдаг шиг, тамирчид хөлбөмбөг тоглоод цалин авах ёстой, энэ бол тэдний ажил. Ядаж л дундаж хэмжээний цалин авдаг байж тамирчин ар гэртээ санаа зовохгүй. Ний нуугүй хэлэхэд, ар гэрт нь санхүүгийн асуудалтай бол тамирчин мянга сайн хөлбөмбөгчин байгаад, мянга авьяастай байгаад энд боломжийг нь бүрдүүлж өгөхгүй бол цаашид хэцүү. Үнэхээр дуртай, чин сэтгэлтэй хүмүүс л өнөөдөр энд үлдсэн байх. 2015-2016 оноос хойш хөлбөмбөг тодорхой хэмжээнд бизнес болох ёстой, хөлбөмбөг рүү мөнгө оруулах ёстой, мөнгө орж байж амжилтад хүрнэ гэдэг утгаар бид нэлээд ажлууд хийж эхэлсэн. Эхлээд лигийн бүтцийг өөрчилж, шагналын санг нэмж байлаа. Буруу санаагүй бол 16-18 сая төгрөгийн шагналын сантай байсныг 100 сая болгон зарлаж байв. Спортын түүхэнд тийм шагналын сантай тэмцээн байхгүй дээ. Анхандаа ч хүмүүс итгэхгүй л байлаа. Тухайн үед Оргил гэж захиралтай Арвайн үндэс компани буюу хуучны сайн танилдаа “Танайх Хүрхрээ гэж шар айраг гаргаж байгаа юм байна, үүнийг тань хөлбөмбөгтэй уяъя” гэсэн. Зургаахан улирлын тэмцээнд 125 сая төгрөг буюу хагас жилийн гэрээ байгуулж байв. Ямар ч бизнесийн байгууллага тийм гэрээ хийгээгүй юм шүү дээ. Үнэхээр том зориг байсан, маш их ч мөнгө. Одоо Оргил ахад Монголын хөлбөмбөгийн холбооны өмнөөс хөлбөмбөгчдийн өмнөөс баярлалаа гэж хэлэх ёстой.

“Арвайн үндэс”-ийн гэрээ дуусахад дараагийн ивээн тэтгэчээ хайсаар “Мазаалай”-тай хамтрахаар болж, жилийн 250 сая төгрөг буюу хоёр дахин нугалсан хөрөнгө олж байлаа. Зүгээр л бизнес хийдэг, жирийн залуус хагас жилийн тоглолтод энэ их хэмжээний мөнгө өгнө гэдэг хэцүү шүү дээ. Тэр мөнгөөрөө тэд тансаг байр аваад сайхан амьдарч болох л байсан. Үүний үр дүнд шинэ клубууд ч гарч ирлээ. Аливаа юм шинэ, хуучны залгамж байдаг. Шинэ клубүүд маш зөв менежменттэй гарч ирж байлаа. Тухайлбал, доод лигээс дээд лигт дэвшиж гарч ирсан клубүүдээс дурдвал, “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, “Андууд сити”, “Хаан хүнс”, “Fc Ulaanbaatar”, “Сэлэнгэ пресс”, “Эрчим” гээд бүгд л санхүүгийн урсгалд орлоо. Магадгүй гурван жилийн өмнө клубүүдийг битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн барина, хөлбөмбөгийн холбооных шиг стандарт талбай 2 тэрбум төгрөгөөр барина гэхэд хэн ч итгэхгүй л байсан. Одоо гэтэл бариад эхнээс нь ашиглалтанд оруулаад зарим нь одоо орж байна. Үүнийг дагаад эрэлт, эрэлтийг дагаж тамирчдын үнэлгээ өсч байна. Одоо манай Монголд захын тамирчин 10 сая төгрөгөөр клуб хооронд шилждэг болсон. Дэлхийн том тамирчид 50, 60, 100 саяаар шилжлээ гэж сонсож л байсан байх, гэтэл тэр мөнгийг тамирчдын хувцасыг л зараад олчихдог. Монголд хэцүү ийм болтол хугацаа хэрэгтэй. Гэхдээ энэ бүхний эхлэл тавигдаад явж байгаа гэж ойлгож байна. Клуб солих гэж тамирчдыг өндөр цалингаар, байраар, машинаар гэрээ хийж авч байна. Сайн тоглогчид клубээсээ 1 сая орчим төгрөгийн цалин авч байдаг бол шигшээд дуудагдаж ирээд мөн л 800 орчим мянган төгрөгийн цалин давхар авна.  Энэ чинь л үр дүн. Ирээдүйд томчууд шиг жишиг мэдээж бий болно, одоогоор боломжгүй байна. Ер нь ямар ч спорт санхүүгийн дэмжлэггүйгээр, дан сайхан сэтгэлээр явахгүй.

2020 ОНООС ФУТЗАЛ, ТАЛБАЙН ТАМИРЧДЫГ ЯЛГАНА

-Та биднийг гаднаас орж ирэхэд холбооны үүдэнд байсан хөлбөмбөгийн талбайн макетууд харуулж байсан. Одоо Монгол улсад хэдэн талбай байдаг бас бэлэн болж байгаа вэ? хэр өндөр өртгөөр босч байгаа вэ? Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохын тулд өөрийн орондоо зайлшгүй нэг тоглолтыг зохион байгуулах шаардлагатай тулж байх шиг, тэгэхээр стандарт талбай олон байх нь их чухал бололтой.

-Хөлбөмбөгийн холбоо одоогийн байдлаар ашиглалтанд орсог хоёр талбайтай. Нэг нь холбооны хажууд байх 68х105 хэмжээтэй, FIFA стандартын талбай. Уг стандарт максимум, минимум гэсэн хоёр төрөлтэй. Нэг нь та бүхэнд харуулсан макет буюу Төв аймагт баригдчихсан байгаа бэлтгэлийн баазын талбай, гэрэлтүүлгийн ажил эхэлсэн. Гурав дахь хөлбөмбөгийн талбай Яармагт баригдаж байгаа. Энэ нь 73х115 буюу максимум стандарттай. Бүгд олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой, FIFA-ийн таван од бүхий стандарттай. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн дотор байгаа хөлбөмбөгийн талбай бий. Мөн өнгөрсөн хугацаанд 4 аймагт 6 ширхэг жижиг талбайг барьж байгууллаа. Энэ жил 3 аймагт барих гэж байна. Дээд лигийн Дэрэн клуб Цэнгэлдэх хүрээлэнгийнхэнтэй хамтарч сайхан талбай барьсан, одоо тэмцээн явагдаж байгаа. Дулааны цахилгаан стандарт дээр Эрчим клубын нэг талбай бий. Эрдэнэт хотод Хангарьд клубын хөлбөмбөгийн талбай байгаа. Мөн “Gmobile” буюу Улаанбаатар сити клубын талбай удахгүй ашиглалтад орох гэж байна. Ингээд тооцохоор нэг үеэ бодвол олон талбайтай болсон байх юм. Мэдээж сургууль дээр байгаа талбайнууд стандрт бус ч хүүхдүүд тоглоод болоод байдаг.

-Уучлаарай, өвлийн цагт манай шигшээгийнхэн хэрхэн бэлтгэл хийдэг юм бэ?

-Футзал руугаа ордог.

-Тэгэхээр учир дутагдалтай шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Брунейн баг гэхэд л бүтэн жилийн талбайн бэлтгэлтэй баг. Манайх 4-11 сар хүртэл талбайд, 11-4 сар хүртэл зааланд тоглодог онцлогтой.

-Зааланд бэлтгэл хийх, хиймэл зүлгэн дээр бэлтгэл хийх, амьд зүлгэн дээр бэлтгэл хийх бүгд их ялгаатай л байх. Энэ мэт хүндрэлүүд манай баг тамирчдад хэрхэн нөлөөлсөн бэ?

-Хүндрэл олон бий. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад бид талбайд бүтэн бэлтгэл хийж чаддаггүйгээс заал руу орно. Зааланд тамирчдын бөмбөг тогтоолт, бөмбөг туулалт гэх мэт техник нь өөр. Хоёрдугаарт, амьд зүлгэн дээр тоглоход гуталнаас эхлээд л өөр шүү дээ. Хиймэл бөгөөд амьд зүлгийн гутал хоёр тусдаа байдаг. Адаглаад л амьд зүлэг тамирчныг илүү их гүйлгэдэг, ядраадаг. Манай улсад амьд зүлгийн талбай хийх ямар ч боломжүй, техник, эдийн засаг, цаг агаарын хувьд тэр. Бид амьд зүлгэн дээр тоглохын тулд өвөлдөө шигшээ багаа аль болох амьд зүлэгтэй кээмпүүдэд бэлтгэлд хамруулж байгаа. Гэхдээ бүтэн 4-5 сар бэлтгэлд хамруулж чадахгүй. Нөгөө талаар гадаа талбайн тамирчин өвөлдөө футзал тоглодог байдлыг 2020 оноос болиулж, салгах гэж байгаа. Манай дасгалжуулагчид тамирчныг “Футзалаасаа “гараагүй” байна, бөмбөг туулалт нь өөр” гээд л ярьдаг шүү дээ. Футзалын болон гадаа талбайн тамирчид аргагүй л өөр байх ёстой.

ТЭМЦЭЭН УРАЛДААН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТӨРИЙН ЗҮГЭЭС ЯМАР Ч ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГГҮЙ, ХАРИН Ч МАШ ӨНДӨР ТАТВАР АВДАГ

-Дотоодын хүндрэлүүдийг ярилгүй, та бүхнээс үл шалтгаалан үүсэх хүндрэлүүд бий юу? Төр засгаас та бүхнийг хэрхэн дэмждэг вэ?

-Дотоодын хүндрэлүүдийг бид нэгэнт л шийдэх ёстойгоос хойш түр хойш тавья. Тухайлбал, тэмцээн уралдаан, бүтээн байгуулалт хийхэд төрийн зүгээс ч ямар дэмжлэг алга. Бид байнга л маш өндөр татвар төлж байна. Сая нэр дурдсан хөлбөмбөгийн дэд бүтцүүдийг бий болгоход, Энэ спортыг хөгжүүлж улсынхаа нэрийг гаргахын төлөө бид маш гоё стандарт талбай байгууллаа гэхэд, улс дэмжих биш бүр харин ч зөрүүлээд өндөр татвар нэхдэг. Утгагүй шүү дээ. Бид улсаас нэг ч төгрөг аваагүй, бизнесийн ашгаар ийм юм хийгээгүй, хэн нэгний улс төр сонгуулийн шоу болгоогүй. Бид зүгээр л хөлбөмбөгт зориулсан дэд бүтцийг олон улсын төсөл хөтөлбөрүүдээр олж авч ирж байна. Бүх хөрөнгө санхүүжилтийг гаднаас олж, нэг талбай барихад 100 орчим сая төгрөг татварт өгч байна. Зөвхөн 2016-2018 онд бид 320 сая төгрөг татварт төлсөн. Энэ бөмбөгт хүртэл бид татвар төлдөг. Өөрийнх нь үнэлгээ 70-80 доллар, 100 ширхэгийг авч ирэхэд 8000 доллар, үүн дээр нэмээд гааль тээвэр 4-5 сая төгрөг. Тамирчдынхаа өмсөөд гарч буй гоё хувцас, оймсонд хүртэл бид татвар төлнө. Энэ тэмцээнд орж байна гэж бид улсаас нэг ч төгрөг аваагүй, өөрсдөө мөнгөө гаргаад тамирчдаа цалинжуулж байгаа холбоо. Ядаж улсын шигшээ баг гээд спортын бүтэц дотроо сагс, хөлбөмбөгийг оруулах ёстой. Яагаад заавал олимпийн зургаан төрөл л байх ёстой юм.Тэднийг яагаад илүү онцлох ёстой юм.  Багийн спортыг дэмжих хэрэгтэй шүү дээ. Ядаж манай 23 тамирчны жилийн цалингийн зардлыг даахад л ачаалал маш их хуваалцана. Яахаараа бид бөмбөг авахдаа ч, оймс авахдаа ч, хувцас авахдаа ч, талбай барихдаа ч татвар төлсөөр л байгаа юм бэ. Бид ашиг олж байгаа бизнесийн байгууллага биш шүү дээ. Сайн ажилласныхаа төлөө татвар төлөөд байгаа ч юм шиг.

Магадгүй энэ жерсиг Монголоос 100 мянган хүн аваад, ширхэг тутмаас нь 100 төгрөгийн ашиг унагаад 100 сая төгрөгийн ашиг олдог бол татвар төлөхөд гомдолгүй. Гэтэл бидэнд тийм боломж өнөөдөр байхгүй шүү дээ. Мэдээж ирээдүйд бий болно.

Тамирчид бүгд хичээл сургуультай. Өдөр тутмын зовлон бүрийг нь зохицуулалт хийх гээд л хичээгээд явж байна, энэ бүхнийг яривал дуусахгүй, хэцүү сэдэв.

-Тамирчдын хангамжинд хэр их хөрөнгө зарцуулдаг вэ. Энэ спорт өөрөө маш өртөг өндөртэй шүү дээ. Хувцас хунар, хэрэглэл, бөмбөг, гутал гээд л...

-Асар өндөр. Зөвхөн 2018 онд шигшээ багийн хувцас хэрэглэлд 140 сая төгрөг зарцуулсан. Зөвхөн хувцас хэрэглэл шүү. Ихэнх спортод биеийн тамирын хувцас, яг тэмцээн дээр өмсдөг хоёр төрлийн хувцас л хэрэг болж байгаа харагддаг. Гэтэл манайхан албаны хувцас гэж костюм пиджакыг “Premier tailor”-оор хийлгэж байгаа юм. Тэднийх бидэнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн, үнэхээр баярласан. Үүнээс гадна бэлтгэл дээр өмсөх хувцас, халаалтын хувцас, тоглолтын хувцас улаан цагаан хоёр өнгөтэй, үүнийг дагаад оймс нь хүртэл улаан цагаан, гутал нь хүртэл амьд, хиймэл зүлэгнийх гээд хоёр янз байна. Бэлтгэлийн үеийн хослол гэж ч тусдаа. Ингээд тооцохоор нэг тамирчин 16 ширхэг иж бүрдэл хувцастай байна. Гэтэл ганцхан эрэгтэй шигшээ биш шүү дээ, охидын шигшээ, футзалын шигшээ гээд л цаашаа үргэлжилнэ.

Дээр нь нэмээд нэг тоглолтод явахад 23 тоглогч, 7-8 албаны хүн гээд 30 гаруй хүн онгоцоор ниснэ. Бид хэзээ ч Азийн багуудтай тоглохгүй. Гэтэл шууд нислэгт Солонгос, Хятад гэх мэт  шууд нислэгтэй газар руу явдаг, заавал дамжин нислэг хийнэ. Энэ онгоцны зардал хэд болох вэ, тэр 30 хүн ундуу ууна, ус ууна, хоол иднэ, очоод буудалд 30 хүн орно. Ингээд бүх зардал 30-аар үржигдэнэ. Нэмэх нь, тэмцээний бэлтгэлийн үеэр өдөрт 6 литр усны нормтой, яг тоглотын үеэр бананагийн нормтой, эм бэлдмэл, материаллаг бааз гээд л бүгдийг нь багцлаад үзвэл зөвхөн шигшээ багт гаргаж байгаа зардал 1.4 тэрбум төгрөг жилд зарцуулдаг. 2015-2016 онд энэ тоо бараг 10 дахин бага байсан. Үүнээс хойш өссөөр энэ жил олон тоглолттой болсон тул бүр ч их өслөө. Бид хэсэгт орж тогловол дөрвөн удаагийн тоглолт гээд 30уулаа дөрвөн удаа нисэх нь байна шүү дээ. Түүний өмнө нэг газар бэлтгэл хийнэ. Одоогоор бид Унгарыг ярьж байна. Наймдугаар сард бэлтгэл хийнэ гэж тооцвол Унгар руу 30уулаа явах нь байна.

-Хэр удаан хугацаанд бэлтгэл хийх вэ?

-10-14 хоног орчим. Сая бид Тайландад 14 хоног бэлтгэл хийх гэж 40 мянган доллар төлсөн шүү дээ.

-Энэ санхүүжилтийг ТУЗ-ийн гишүүд гаргах уу?

-Үгүй. Манай Хөлбөмбөгийн холбооны гишүүд татваргүй. Монголд татваргүй Удирдах зөвлөл ганц манай холбоо л болов уу. Бусад нь дандаа л татвартай. Тухайлбал, Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн татвар 50 сая ч билүү, Сэлэмний холбоо л гэхэд 10 сая байдаг гэж сонссон. Манай вебсайт руу орж үзвэл манай санхүүгийн тайлан сүүлийн гурван жилээр дэлгэрэнгүй тавигдсан байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 500 мянга, Азийн хөлбөмбөгийн холбооноос 250 мянган долларын санхүүжилт жил бүр тогтмол авдаг. Мөн энэ олон талбайг манай холбооны  ажилтнууд маань төсөл хөтөлбөр боловсруулан бичиж олон улсад явуулж, батлуулж, хөрөнгө босгодог. Яармагт баригдаж буй хөлбөмбөгийн талбайн төслийг гэхэд бид өнгөрсөн жил батлуулсан.

МАНАЙД БОЛСОН ТОГЛОЛТЫГ 1658 ХҮН, БРУНЕЙД 17.400 ХҮН ҮЗСЭН

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилбөл, манай Монгол тамирчдын онцлог ямар вэ? Спортынхонтой уулзаж ярилцах бүртээ сэтгүүлчид энэ асуултыг асуудаг байх.

-Сул тал нь уу? Давуу тал нь уу?

-Аль аль нь...

-Олон бий. Дасгалжуулагчдын боловсролоос эхлээд ярья. Сайн мэдлэг боловсролтой дасгалжуулагч байж л сайн хүүхэд бэлдэнэ. ЕБС-д сайн багштай ангийн сурагчид сайн яваад байдаг шиг. Тиймээс бид дасгалжуулагчийн боловсролд маш их анхаарч ажиллаж байгаа. Одоо манай холбоонд таван гадаад мэргэжилтэн ажиллаж байна. Техникийн захирал, Дасгалжуулагчийн боловсрол хариуцсан захирал, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Хаалгачийн дасгалжуулагч, Охидын шигшээ багийн дасгалжуулагч гээд бид тавын таван гадаад мэргэжилтэнтэй байна. Сул талын хувьд үндэс сууриасаа яривал санхүүгийн эргэлтээс эхлээд ярих байх.

Давуу тал нь тоглогчид илүү дайчин чанартай тоглодог, үндсэрхэг үзэл нь давамгайлаад байх шиг харагддаг. Тухайлбал, Исланд улсыг 365 мянган хүнтэй байж ДАШТ-д орж байна, Монгол улс 3 сая хүнтэй байж., гэх мэт яриа өрнөдөг. Гэтэл Исланд улс нь 1990 ээд оны   дундуур гарсан залуусын дундах нийгмийн асуудлаа шийдэх гээд хөлбөмбөгөөр дамжуулан хүмүүжил олгох улсын бодлого хэрэгжүүлсэн байдаг. Ингээд дөрвөн жилийн дотор  100 орчим хөлбөмбөгийн талбай барьж, биеийн тамирын багш нараа сургаад, дасгалжуулагчийн зэрэгтэй болгоод ирэхээр өсөөд ирнэ. Гэвч 100 жилийн өмнө тэд хөлбөмбөг тоглож л байсан. Манайд 100 жилийн өмнө юу байв? Бөх л байсан. Энэ мэтээр юуг юутай харьцуулах вэ гэдэг сонин. Зарим улсын 100 жилийн өмнөх соёл одоо л Монголд бий болж эхэлж байна шүү дээ. Анх бид лигийн тоглотуудаа тасалбартай болгоход ямар их эсэргүүцэлтэй тулгарсан гэж бодно.

-Шигшээ багт орохыг хүссэн залуус өөрийн чадварыг хэнд харуулах ёстой вэ? Холбооны удирдлагуудад эсвэл дасгалжуулагчид уу?

-Дасгалжуулагчийн алба гэж бий. Тэд бүгд дээд лигийн болон нэгдүгээр лигийн тоглолтуудыг үзээд л сууж байгаа. Магадгүй дээд лигт тоглож чадахгүй байгаа ч нэгдүгээр лигт маш сайн тоглож байгаа хүүхдүүд байвал тэднийг авах боломж бий.  Тэд тоглолтоо үзэж байгаад үндэсний шигшээ багийн эхний 45 тоглогчийг авна. Тэндээс шигшсээр авна. Байрлал тус бүр дээр бодолцож авна. Тухайлбал, сая үндэсний шигшээ багт баруун арын хамгаалагч дээр 4 сайн тоглогч нэг байрлалд давхцчихаж байгаа юм. Даваажва, Дөлгөөн, Оюунбаатар, Ууганбат. Гэтэл нэг байрлалд дөрвөн тоглогч авч болохгүй тул аль нэгийг нь хасахаас өөр аргагүйд хүрнэ, харамсалтай. Тэгэхээр байрлалуудын онцлогоос шалтгаалан хүүхдүүдээ харж авдаг даа.

-Болж өнгөрсөн хоёр тоглолтод манай баг ямар тактик барьж тоглов?

-Нутагтаа хийсэн тоглолт дээр аль болох бөмбөг эзэмшиж, айлыг талбайд нь шахаж, илүү  довтлох тактиктай тоглосон. Харин сая ерөнхийдөө хамгаалах байдалтай, гэхдээ бөмбөг авсан тохиолдолд маш хурдан байдлаар сөрөг довтолгоонд орох байдалтай тоглосон. Гэхдээ энийг багийн хурал дээр тактикаасаа хамаараад тамирчин тус бүрийн сонголт өөр өөр болчихно. Тухайлбал, хамгаалж тоглоё гэвэл довтолгоо сайтай тамирчнаа хамгалаагч сайтай тоглогчоор солихоос эхлэнэ. Дасгалжуулагчийн л шийдэх асуудал.

-Эндэхийн болон тэнд болж өнгөрсөн тоглолтыг тус бүр хэдэн хүн үзэв?

-Манайхыг 1658 хүн, Брунейд бол 17.400 хүн үзсэн. Аргагүй шүү дээ, тэр улсын номер нэг спорт шүү дээ. Манайх бол үндэсний бөх гэж харьцуулж хэлж болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ