ОХУ-аас ирсэн сонсогч: Коронавирусийн халдвар авсан хүмүүстэй хамт ирснээ мэдээгүй

ОХУ-аас ирсэн сонсогч: Коронавирусийн халдвар авсан хүмүүстэй хамт ирснээ мэдээгүй

Коронавирусийн халдвар дэлхий нийтээр тархаж, олон улс орнууд өөрсдийн иргэдийг татах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Түүний нэгэн адил манай улс тусгай үүргийн онгоцоо шаардлагатай улс орнуудруу нисгэж иргэдээ татсаар байна.

Тавдугаар сарын 12-ны байдлаар 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад буй талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлсэн.

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-д суралцдаг  цэрэг, батлан хамгаалах сургуулийн 300 гаруй оюутныг Оросын цэргийн хүчний гурван онгоцоор эх орондоо авчирсан.  Энэ талаар иргэдийн дунд янз бүрийн шүүмж, таамаг гараад буй. Учир нь тэдний дундаас 55 сонсогчид коронавирусийн халдвар илэрсэн. Өмнө нь Москвагаас ирсэн 30 гаруй монгол оюутны тал нь тус вирусээр халдварласан нь иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм. ОБЕГ, Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагынхан сонсогчид дунд вирусээр халдварласан, халдварлаад эдгэсэн хүмүүс ч байгаа гэдгийг анхааруулж, бэлтгэлээ сайтар хангасан талаараа мэдэгдсэн. Одоогоор тэднийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлаж халдвар илэрсэн сонсогчдийг ХӨСҮТ-д аваачсан.

Бид энэхүү шийдвэр хэрхэн гарч, сонсогчдийг авчрах үйл явцын талаар мөн ОХУ-д нөхцөл байдал ямар байсан талаар нэгэн сонсогчоос тодруулсан юм. Цэргүүд батлан хамгаалах яаманд харьяалагддаг учир хамаагүй мэдээлэл хийх боломжгүй талаар тэрээр онцолсон тул  эх сурвалжийн нэр , хувийн мэдээллийг нууцаллаа.

Сайн байна уу? Эх орондоо ирсэнд баяр хүргэе. Биеийн байдал нь ямархуу байна вэ?

Сайн, сайн байна уу. Биеийн байдал сайн байгаа. Тусгаарлах байрны орчин нөхцөл, хоол их сайхан байна. Бидний дундаас коронавирусийн халдвар илэрсэн хүмүүсийг ХӨСҮТ-рүү аваад явсан. Биеийн гэхээс илүү сэтгэл санааны хувьд бага зэрэг айдастай, дарамтад байна. Хүмүүс биднийг “коронавирус зөөвөрлөж авчирлаа, тэндээ хатаж байхгүй” гэх мэт сэтгэгдэл цахим орчинд бичиж байна. Бас давтан шинжилгээгээр илэрч байгаа гэдгийг сонсоод бага зэрэг түгшүүртэй л байна.

Монголдоо ирэх шийдвэрийг анх хэзээ мэдсэн бэ? Та бүхэн өмнө нь ЭСЯ, Консулын газартаа хүсэлт гаргасан байсан уу?

Орос ерөнхийдөө бүх цэргийн сургуулиа сарын өмнөөс амраах шийдвэр гаргаад сургууль дээр бараг хүмүүс үлдээгүй байсан. Бидний хичээл ороогүй ч зүгээр суулгүй, зарим нэг зүйлсийг хийж байлаа. Тэгээд тавдугаар сарын 10-нд Батлан хамгаалах яамны хүсэлтийг ОХУ тал хүлээж аваад онгоц гаргаж өгөх болсон талаар сонссон. Бүгдээрээ харих хүсэлтэй байсан ч манай салбарын хүмүүс хамаагүй мэдэгдэл, үйлдэл хийж болдоггүй юм. Албан ёсоор, нэгдсэн журмаар манай Батлан хамгаалах яам монгол оюутнуудаа татаж авах хүсэлт гаргасан байсан юм билээ.

Цэргийн онгоцоор ирэхэд ямар байсан бэ? Гурван  онгоцонд 300 гаруй хүн гэхээр хоорондын зай барих зэрэг байгаагүй байх. Халдвартай, халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг та бүхнээс тусгаарласан уу?

Цэргийн онгоц жирийн онгоцноос шал өөр. Тус тусын суудал гэж байхгүй. Кинон дээр гардаг шиг нийлсэн урт банз шиг л зүйл байдаг гэхээр тав тухтай эсэх талаар ярих хэрэггүй байх. Олон орноос монголдоо очих хүсэлтэй иргэд байхад бид харин ч азтай байсан болохоор маскаа зүүгээд, зэрэгцэж сууж байгаад л хүрээд ирсэн. Өвчлөөд эдгэсэн, өвчилсөн хүмүүст зориулалтын хувцас өмсүүлсэн байх шиг харагдсан. Яг хэн өвдсөн, эдгэснийг гэдгийг нь бид мэдэхгүй шүү дээ. Ямартай ч цөөг тооны хүмүүс өвдсөн гэдэг сураг сонссон ч энд ирээд л ийм олон хүн байсныг мэдлээ.

Наашаа ирэхээсээ өмнө коронавирусийн шинжилгээнд хамрагдсан уу?

Тийм, сургууль дээрээ шинжилгээнд орсон.

Бага насны хүүхдүүд ирсэн байсан. Тэнд гэр бүлтэйгээ байрладаг цэргүүд байдаг юм уу?

Тэд бол академид магистраар суралцдаг оюутнууд. Офицерүүд зарим нь гэр бүлээ авчраад хамт байсан юм.

Оросын цэргийн сургуульд халдвар гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Сургууль дээрээ халдваргүйжүүлэлт, ариутгал хийж, маск зүүж, гараа ариутгаж байсан уу?

Коронавирусын халдвар тархаж эхлээд хэсэг хугацааны дараа нэг хүн таван масктай байх ёстой түүнийгээ хоёр цаг тутамд сольж угааж хэрэглэх, гараа ариутгах ёстой гэсэн тушаал гарсан. Түүнийг дагаж мөрдсөн. Мөн цаанаасаа гар ариутгагч тарааж өгсөн, өдөрт хоёр удаа хлороор ариутгал хийж, хаалганы бариулыг хлортой маарлаар ороож, түүнийгээ сольж байсан. Өдөрт гурван удаа халуунаа үздэг байсан.

Зарим сургуулийн сонсогчид сургуулиасаа хашаа давж гарах, маск зүүдэггүй байсан гэх яриа гарсан энэ талаар сонссон зүйл бий юу?

Мэдэхгүй. Тийм зүйл байгаагүй гэж бодож байна. Цэргийн сургуулиудад карентин ер нь чанга байсан. Ариутгал, цэвэрлэгээг өөрсдөө сайн хийж, армийн коронавирустэй тэмцэх алба гэж гаргасан тэд үнэхээр чанга ажиллаж байсан. Өдөр болгон халуун үздэг дэвтэр гаргачихсан. Шинж тэмдэг илэрвэл шууд тусгаарлах арга хэмжээ авч байсан. Тийм ч учраас би тусаагүй байх.

Ярилцсанд баярлалаа. Биеэ бодоорой.

Энэ завшаанийг тохиолдуулаад биднийг ирэхэд тусгаарлаж, ариутгах үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. Мөн тусгаарлах байрны хоол их амттай, орчин нөхцөл сайн байгааг хэлмээр байна. Бүх эмч, албан хаагчиддаа баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө