Хонконг улсад ЗГ-ын эсрэг жагсаалд оролцсон залууд дөрвөн жилийн ял оноожээ

Хонконг улсад ЗГ-ын эсрэг жагсаалд оролцсон залууд дөрвөн жилийн ял оноожээ

Сүүлийн өдрүүдэд Хонконгод коронавирусийн халдварын тархалт буурч байгаатай холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжих хандлагатай байгаа ажээ.

Хонконгийн шүүх өнгөрсөн Баасан гаригт Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцсон радикал үзэлтэн залууд дөрвөн жилийн хорих ял оноосон байна. Далайн эрэг дээр аврагчаар ажиллаж байсан, өдгөө 22 настай залуу өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны өдөр Хууль тогтоох зөвлөлийн байрны гадна цагдаа нартай мөргөлдсөн үймээн самуунд оролцсон нь тогтоогджээ.

Энэ нь Хонконгод хүрээгээ тэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон этгээдэд оноосон хамгийн хатуу шийтгэл болсон бөгөөд "нийтийг хамарсан үймээн самуун"-д оролцсон гэсэн үндэслэлээр ялласан анхны тохиолдол болжээ.

Мөн энэ нь хууль бус цугларалтад оролцсон гэхээс илүү орон нутгийн хууль тогтоожийг зөрчсөн илүү ноцтой хэрэг бөгөөд 10 хүртэл жилийн ялтай юм байна. 

Өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр 201 хүнийг баривчилж, тэдгээр хүмүүсийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, нүүрээ халхалсан баг өмсөх зэрэг зөрчил гаргасан гэж үзсэн билээ.

Цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр, нэгэн жагсаалын үеэр цагдаагийн хэд хэдэн машины ойролцоо тэсрэх бөмбөг байж болзошгүй төхөөрөмжийг байрлуулсан байжээ. Цагдаагийн төлөөлөгч “Үймээн самуун дэгдээгчид хүн амины хэрэг үйлдэхийг завдсан” гэж мэдэгдэж байв.

Хонконгод өрнөсөн жагсаалын үеэр дэлгүүрүүд болон метроны буудлуудыг сүйтгэсэн хэрэг олон гарсан талаар тухайн үед орон нутгийн болон гадны хэвлэлүүд онцолж байв. Жагсагчид Хонконг дахь хүний эрхийг хүндэтгэх хууль батлахыг АНУ-ын хууль тогтоогчдод уриалж байсан билээ.