Шүүхийн хүний нөөцийн бодлогыг хэн атгах вэ?

Шүүхийн хүний нөөцийн бодлогыг хэн атгах вэ?

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ба одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарын өрсөлдөөн ил далд байдлаар өрнөсөөр байна. Ирэх жилүүдэд шүүхийн хүний нөөцийн бодлогын атгах Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний суудлын төлөөх өрсөлдөөн үргэлжилсээр байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгуульд нийт 13 хүн нэр дэвшсэн боловч сүүлийн шатанд нэг талаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж буюу түүний хуулийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, өнгөрсөн зургаан жилд шүүхийн хүний нөөцийн бодлогыг атгасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй шүүхийн захиргаа, шүүгчдээр хүчирхэг баг бүрдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Т.Мэндсайхан, нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн нараар дэмжүүлсэн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгч А.Насандэлгэр нар тунаж үлджээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгуульд улс төр, шүүгч нар татагдан орсноос гадна нутгийн зөвлөлүүд идэвхтэй оролцож байгаа нь нэгэнт тодорхой болсон. Үүнд Увс аймгийн нутгийн зөвлөл маш идэвх гаргаж, бусад аймгийн нутгийн зөвлөлүүдтэй хавсарч орон нутгийн шүүгч нарын саналыг олон тоогоор багцалж чадсан байна. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн квотоор Увс аймгийн Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр саяхан томилогдсон бөгөөд түүний араас Т.Мэндсайхан сонгогдвол Увс нутгийн төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 40 хувийг бүрдүүлэх боломж бүрдэх юм. Үүн дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын ерөнхий зөвлөх асан Н.Алтанхуяг ч мөн адил нутгийн хүнээ илтэд дэмжиж байгаа ажээ.

   Т.Мэндсайханыг шүүхийн захиргаа болон сүүлийн зургаан жилийн хугацаанд шүүгч болсон хүмүүс илэрхий бүхэлдээ дэмжиж байгаа бөгөөд үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гарч ирснээр шүүхэд халаа сэлгээ хийх, шүүхийн хүний нөөцөд реформ хийхээс болгоомжилсон хүмүүсийн нэгдэл ч гэж үзэж болох юм.

Тиймээс бүрэн эрх нь талдаа ороод байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нь шүүх салбарт шинэлчлэл хийж чадах уу, шүүхийн хүний нөөцөд өөрийн бодлогоо тодорхойлж чадах эсэх нь ихээхэн эргэлзээтэй болож байгаа бөгөөд баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэг шиг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөөлөл шүүхэд хүчтэй хэвээр үлдэх юм.

Дашрамд дурдахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгууль нь шүүх дэх фракцын зохион байгуулалтаар явагддаг бөгөөд шинэ нэр дэвшигч нарт  мөрийн хөтөлбөрөө танилцуулах, шүүгч нартай танилцах ямар ч боломж олгохгүйгээр урьдаас багцалсан санал хураалтаар сонгуулиа явуулж нэр дэвшигч нараа сонгодог ажээ.

Өнгөрсөн жилүүдэд шүүхийн шинэчлэл хийгдсэн гэж ярих боловч ард иргэд болон АТГ-аас хийсэн судалгаагаар шүүх нь авилгын тэргүүн эгнээнд орсон нь гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы ажлын үр дүнг илтгэнэ. Харин түүний өрсөлдөгч болох аядуу зөөлөн зантай, дараа жил тэтгэврийн насанд хүрч байгаа А.Насандэлгэр нь салбартаа реформ хийнэ гэж байгаа нь найдвар төрүүлж байна.

Гэвч хоёр нэр дэвшигчийн өрсөлдөөн тун тэнцүү үргэлжилж байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний сонгуулийг хүчингүй болгох, дахин явуулах нөхцөл байдлыг ч үүсгэж болох юм. Учир нь тэдгээрээс салбарын шинэчлэл, ажлын үр дүн хүлээгээд нэмэргүй тул алийг нь ч дэмжихгүй гэсэн итгэл үнэмшил зарим шүүгч нарт байгаа ажээ.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө